Энэ жилийн хувьд манай улсад 1944 оны бич жилийн зудтай дүйцэхүйц хэмжээний зуд нүүрлээд байна. Нийт 20 аймгийн 100 орчим сум цагаан зудтай байгаа бөгөөд хөдөө орон нутгийн 90 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтсон. Цас хатуурч, мөстөж, мал бэлчих боломжгүй болсныг шилэн зуд, төмөр зуд гэдэг. Арваннэгдүгээр сарын сүүл үеэс эхлэн ихэнх нутагт цас их хэмжээгээр орж, малын тоо хорогдож эхэлсэн.
Иймд өвөлжилт хүндэрсэн Сүхбаатар болон Дорнод аймгуудтай холбогдож, одоогийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл авлаа
Сүхбаатар аймагт өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байна. Энэ долоо хоногоос эхлэн сумууд өөрсдийн нөөц өвс, тэжээлээ малчдад тараах юм. Гэр болон тэвштэй тэрэгтэй ижил хэмжээнд цас ихээр орсон. 700 адуутай айл 100 адуутай үлдсэн гэх мэдээлэл ч байна. Ховд болон Дорнод аймгийн нутаг руу мал ихээр уруудаж, айл өрхүүд оторт гарсан байдалтай өвөлжиж байна. Мөн иргэд 30-40 мянган төгрөг нийлүүлэн техник хөлсөлж зам гаргах, тэр замаараа очиж цасанд дарагдсан айл өрхөд туслах гэх мэтээр цагийн хатууг туулахаар хамтдаа хичээж байгаа талаар ярилаа.
Дорноговь аймгийн хувьд Алтанширээ, Иххэт, Дэлгэрэх сумдуудад тэвштэй тэрэг болон, монгол гэрийг давсан их цас орсон. Нийт 209 мянга орчим мал бүртгэгдсэнээс 16,900 гаруй мал хорогдсон бөгөөд зудын нөхцөл байдал хүндэрснээс хойш 150 гаруй хүнийг эрэн хайж, эндэгдэлгүй олсон.
Алслагдмал сумд руу очих зам гараагүй, маш их хэмжээний цас орсон. Манай Онцгой байдлын албанаас зам гаргахаар ажиллаж байна. Аймгийн хэмжээнд нөөцөлсөн өвс, тэжээлээсээ аль болох алслагдсан сумд руу явуулахыг хичээж байгаа. Аймгийн онцгой комиссоос малын хивэг, тэжээлийг малчдад 50 хувийн хөнгөлөлттэй олгож байна. Энэ байдлаараа цас их хэмжээгээр орвол хавар мал төллөх үеэр мал зутруухан, нэлээн муу онд орох шинжтэй байна. Мөн манай аймгаас оторт гарч буй айл, өрхийн тоо нэлээн нэмэгдэж байна.
Энэ жил хүн мал хамтдаа өвөлжихөд нэлээн хүнд зутруухан байгаа талаар нутгийн иргэд ярилаа.