“Aqua garden” буюу олны нэрлэж байгаагаар “Авлига хороолол”-ыг буулгах шийдвэр одоог хүртэл албажаагүй. Учир нь шүүх дээр маргаантай байгаа тус асуудал одоог хүртэл эрхзүйн хүрээнд маргаантай хэвээр байгаа. Хэдийгээр буулгах эсэх нь тодорхой болоогүй ч тус барилгын ажил үргэлжилсээр байгаа юм.
Гэхдээ ямартай ч өнөөдөр тус барилга руу орох нэг гарцыг хааж байгаа талаар Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас мэдээллээ.
Тодруулбал, дунд голын урсацыг хааж барьсан гүүрэн гарцыг буулгаснаар “Aqua garden” хорооллын нэг гарц хаагдаж байгаа юм байна.
Оны өмнө тус хорооллын барилгын хөөсөнцөр шатаж, гал гарсан ч барилгын компанийн зүгээс галын улмаас ямар нэгэн хохирол учраагүй бөгөөд цаашид барилгын ажил хэвийн үргэлжилнэ гэдгийг мэдэгдсэн юм. Мөн барилгад ашиглаж байгаа барилгын материал галд тэсвэртэй болохыг баталсан бичлэгийг цахим хуудастаа нийтэлсэн. Энэ нь захиалагчдад таатай сэтгэгдэл төрүүлж болох ч олон хүнд сөрөг сэтгэгдэл төрүүлсэн байна. Тухайлбал, Усны тухай хууль болон бусад хуулийг зөрчиж баригдаж байж барилгыг нураахгүй ашиглалтад оруулах шүүхийн шийдвэр гарч болзошгүй байгаад иргэд бухимдаж байгаагаа сэтгэгдлээр илэрхийлжээ.
Харин Хотын дарга Х.Нямбаатарын зүгээс “Aqua garden” хотхоны тухайд буулгах шийдвэр шүүх дээр гацчихсан байдалтай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөх эрх байхгүй учраас энэ асуудлыг түргэн шийдвэрлэж өгөөч гэдэг хүсэлтээ тавьж байгаа. Нийт нийслэлчүүдийн эрх ашиг яригдаж байгаа учраас энэ асуудлыг түргэн шийдэж өгөх байх гэсэн итгэл байна. Шүүхийн шийдвэр гарсаны дараа “Aqua garden” хотхоны урд талын хоёр блокыг буулгах ажлыг шуурхай хийж дуусгана. Иргэдийн зүгээс хотхон баригдаад байна нураахгүй юм байна гэдэг яриа байна. Энэ бол тухайн аж ахуйн нэгжийн л асуудал. Бид буулгах шийдвэрээсээ буцаагүй гэдгийг өнгөрсөн долоо хоногт онцолсон.