Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди өчигдөр тус улсын хинду, ислам шашинтнуудын зөрчлийн талбар болдог Айодхия хотод шинээр байгуулагдсан сүмийн нээлтэд оролцжээ.
Уг сүмийг босгосон газарт өмнө нь 16 дугаар зуунд босгосон Исламын сүм байсныг 1992 онд хинду шүтлэгтнүүд нураасан юм.
Шашин хоорондын энэ мөргөлдөөний үеэр 2,000 орчим хүн амиа алдаж байжээ.
Хинду шашны Рам бурхны их сүмийг босгосон явдал нь Энэтхэгт “шинэ эрин” эхэлсний бэлгэдэл болохыг Моди нээлтийн үеэр хэлсэн байна.
Ийм маргаан зөрчилтэй газар дээр байгуулсан сүмийн нээлтэд Моди оролцсон нь удахгүй болох сонгуульд илүү санал авах улс төрийн зорилготой үйлдэл гэж сөрөг хүчнийхэн шүүмжилжээ.
Удахгүй болох парламентын сонгуулиар эрх баригч Бхаратия Жаната намын хувьд хүн амын 80 хувийг эзэлдэг хинду шашинтнуудын дэмжлэгийг авах чухал юм.
Үндсэн хуульдаа аль нэг шашныг дээдэлдэггүй улсын ерөнхий сайд шашны арга хэмжээнд оролцсоныг сөрөг хүчнийхэн бас буруутгаж байна.
Энэхтэгийн хамгийн том шашны цөөнх болох муслимуудын хувьд Айодхия бол айдас, гашуун дурсамж болсон хот юм.
“Энэ өдөр түүхэнд тэмдэглэгдэх болно. Олон жилийн тэмцэл, гарз хохирлын дараа Рам бурхан гэртээ заларлаа. Би энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан улсынхаа бүх ард иргэдэд баяр хүргэмээр байна” гэж Моди нээлтийн үеэр хэлжээ.
Сүмийг олон нийтээс цугларсан $217 саяын хандиваар босгосон байна.
Өчигдөр сүмийн зөвхөн нэгдүгээр давхрыг нээсэн ба бусад хэсэг нь оны сүүлээр дуусах гэнэ.
Айодхия хотод Рам бурхны сүм байгуулах нь хинду шашинтнуудын олон жилийн мөрөөдөл байсан юм. Өмнө нь энд байсан Бабри нэртэй сүмийг Исламын эзлэн түрэмгийлэгчид босгосон гэж олон хинду хүн үздэг.
Сүмийн нээлтэд Энэтхэгийн зарим алдартнууд, тухайлбал Болливүүдийн од Амитаб Баччан, крикетийн тамирчин Сачин Тендулкар нар оролцжээ.
Нийслэл Шинэ Дели хотын олон газар сүмийн нээлтийн үйл ажиллагааны дүрсийг шууд дамжуулсан байна.
2019 онд Энэтхэгийн дээд шүүх маргаантай газрыг хинду шашинтнуудад өгөх шийдвэр гаргаж, муслимуудад хотын гадна сүмээ босгох газар өгсөн юм.
Одоогоор тэнд Исламын сүм баригдаж эхлээгүй байгаа.
Сүмийн нээлтийн үеэр Энэтхэгийн эрх баригчид аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүдийг авсан юм. Айодхия хотод олон мянган цагдаагийн албан хаагч ажиллаж, зарим мужуудад энэ өдрийг бүтэн болон хагас амралтын өдөр болгож, сургуулиудын хичээл, хөрөнгийн зах зээлийн арилжааг зогсоосон байна.
Сүм бүрэн ашиглалтад орсны дараа өдөрт 150,000 гаруй мөргөлч ирэх тооцоог эрх баригчид гаргажээ.
Үүнийг дагаад тус хотод шинэ зочид буудлууд нээгдэж, нисэх онгоцны буудал, төмөр замын өртөө нээгдсэн байна.
Эх сурвалж: BBC