Африк тивд оршдог Камерун улс халуун хумхаа өвчний эсрэг товлолт вакцин хийж эхэлсэн дэлхийн анхны орон боллоо. Энэ дархлаажуулалт олон мянган хүүхдийн амь насыг аварна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
ДЭМБ-ын мэдээлснээр халуун хумхааны халдварын улмаас Африкт жил бүр 600 мянга гаруй хүн амь үрэгддэг. Нас баралтын 80 гаруй хувийг таваас доош насны хүүхдүүд байдаг гэх харамсалтай тоо баримт бий.
Камерун улс халуун хумхааны хамгийн анхны вакциныг даваа гарагт /2024.01.22/ нийслэл Яунде дэх эмнэлэгт Даниелла нэртэй охинд хийжээ. “RTS,S” нэртэй тус вакциныг Камерунд зургаан сар хүртэлх настай хүүхдүүдэд үнэгүй тарих болсон байна.
Хүүхдүүд нийтдээ дөрвөн тун вакциныг бусад товлолт вакцины цуг хийлгэх юм. “RTS,S” вакцины Кени, Гана, Малави улсуудад амжилттай туршиж, вакцин тарих насны хүүхдүүд дунд халуун хумхааны нас баралтыг 13 хувиар буруулжээ.
АНУ-ын эрдэмтдийн мэдэгдсэнээр бол тус вакцин 36 хувийн үр дүнтэй. Өөрөөр хэлбэл гурван хүн тутмын нэгд дархлаа тогтоо гэсэн үг. Кени улс дахь “End Malaria” зөвлөлийн Уиллис Ахвале вакцинжуулалт амь нас аврах нь тодорхой ч харьцангүй бага үр дүнтэй учир халуун хумхаа өвчнийг бүрэн устгахад хангалтгүй гэж хэлсэн байна.
Вакцинаас гадна хумхааг тараадаг шумуулаас хамгаалах тор, эмийн бэлдмэлийг ашиглах нь чухал болохыг мэргэжилтнүүд онцолжээ. Их Британи эрдэмтэд явуулсан нэгэн судалгаа эдгээр гурван арга хэмжээг хамтруулснаар хүүхдүүдийн халуун хумхаа өвчнөөс 90 хувь хамгаалах боломжтой гэдгийг харуулсан юм.
Эх сурвалж: BBC