“Америкт автомашины эсрэг дайн өрнөж байна” гэж аль 2017 онд нэгэн алдартай влоггер хэлж байв. “YouTube” платформд нийтлэгдсэн тус богино хэмжээний кинонд дурдсанаар утааны стандартыг чангатгах нь хийн түлшээр ажилладаг автомашиныг илүү үнэтэй болгож, хүмүүсийг машинаас татгалзуулах өргөн хүрээний шахалт болж чадсан.
Гэхдээ энэ бол АНУ-аар хязгаарлагдахгүй олон улсад ажиглагдаж буй үзэгдэл.
Их Британид аль 15 жилийн өмнө автомашины эсрэг дайн өрнөжээ. Лондон тэр үед дэлхийн хамгийн том түгжрэлийн төлбөрийн схемийг нэвтрүүлэхээр бэлтгэж байсан. Тус схем нь жолооч нарыг хотын төв рүү явахдаа мөнгө төлөхийг шаарддаг аж. Бельги улсад ч бас автомашинаас татгалзах шийдвэрүүд гарч байсан. 2017 онд Бельгийн Гент хотод автомашинаар богино зайд явахыг хориглох төлөвлөгөө гаргаж байжээ.
Дэлхийн ихэнх хотод жолооч нарыг нүүрстөрөгч ялгаруулдаг машинаас татгалзаж, ногоон тээвэрт шилжихийг уриалж байна. Энэ нь мэдээж замын хөдөлгөөнийг бууруулах, агаарын чанарыг сайжруулах гэсэн давуу талуудтай.
Парис хот уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүчин чармайлтын хүрээнд 2030 он гэхэд хийн түлшээр ажилладаг автомашиныг хориглох зорилт тавьжээ.
Нью-Йорк хот ч бас 2024 оны сүүлээр автомашины тоог бууруулах туршилт анх удаа хийх гэж байна. Түгжрэлийн төлбөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлснээр хотын төв рүү чиглэсэн хөдөлгөөнийг 15-20 хувиар бууруулж, метроны системдээ олон тэрбумыг төвлөрүүлэх юм.
“Машины яндангаас ялгарах утааг гудамжинд ой хээрийн түймэр гарсантай адилтгаж болно” гэж Нью-Йоркийн амбан захирагч Кэти Хочул хэлжээ. Түүний хэлснээр замын түгжрэлд ажлын цагаа алдсанаар жилд 20 тэрбум ам.долларын алдагдал хүлээх аж.
Автомашиныг бууруулах төлөвлөгөөг олон нийт эхэндээ эсэргүүцдэг ч урт хугацаандаа хүлээн зөвшөөрсөөр байна. Словенийн Любляна хот 2007 онд анх ийм төлөвлөгөөг танилцуулахад олон нийт ихээхэн эсэргүүцсэн. Гэтэл 10 жилийн дараа иргэдийн 90 хувь нь автомашиныг хөдөлгөөнд нэвтрүүлэхийг эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ.
Харин Шведийн Стокгольм хотод хотын түгжрэлийн төлбөрийн хөтөлбөрийг 2006 оноос туршилтын журмаар хэрэгжүүлж эхэлсэн. Туршилтын хугацаанд олон нийтийн санаа бодол томоохон эсэргүүцлээс цөөнхийн дэмжлэг рүү аажмаар шилжжээ. Дараа жил нь бүх нийтийн санал асуулга явуулахад ногоон гэрлээр бүгд өөрчлөлтийг дэмжсэн байна.
Автомашины хэрэглээг бууруулах бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хотууд өмнө нь ийм төлөвлөгөө хэрэгжүүлсэн газруудаас юуг сурч болох вэ?
Автомашины хэрэглээг бууруулах арга хэмжээг дагаад олон өөрчлөлт бий болдог. Алхах, дугуй унах зэрэг үйлийг илүү идэвхтэй горимд шилжүүлдэг. Гэсэн хэдий ч ийм хүчин чармайлт нь улс төрийн эрсдэл дагуулдаг аж. Жишээлбэл, Парис хотод сургуулийн гудамж, явган хүний зам, дугуйн зам, зогсоолын хязгаарлалт зэрэг өөрчлөлтийг хийсэн нь олны эсэргүүцлийг өдөөсөн юм.
Мөн хүмүүст машинаасаа татгалзахад нь дэм болох үүднээс санхүүгийн тусламж үзүүлэх арга бий. Маш их бохирдол ялгаруулдаг машинаасаа татгалзсан тохиолдолд 6000 евро шагнах зэрэг арга хэмжээг Парист авч байсан.
Түгжрэлийн төлбөрөөс цугларсан мөнгийг зам тээврийг сайжруулахад зарцуулах нь ч бас чухал. Ийм амлалтын дараа түгжрэлийн төлбөрийн схемийн нэр хүнд улам өсч байв. Машинаасаа татгалзахыг зогсоо зайгүй уриалаад байх бус бусад сонголтыг нь таатай болгох хэрэгтэй. Тухайлбал, Барселонад автомашинаас татгалзсан хүмүүс гурван жил нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхтэй болж байжээ. Түүнчлэн Стокгольмд автобусны үйлчилгээг өргөжүүлэх, Лондонд дугуйн түрээс зэрэг үйлчилгээг нэвтрүүлж байв.
Нью-Йоркийн түгжрэлийн төлбөрийн схем нь хэлбэлзэлтэй байдаг. Тодруулбал, замын хөдөлгөөний ачаалал бага үед иргэд бага төлбөр төлдөг аж. Жолооч нар хэчнээн гүүр, хонгил гаталж байгаагаасаа хамаараад өөр өөр төлбөр төлөх нь шударга гэдгийг Бүсийн төлөвлөгөөний холбоо гэх ашгийн бус байгууллагынхан мэдэгдэв.
Автомашины хөдөлгөөн багасах тусам явган хүний бүс, автобус, дугуйн зам, зогсоол, ачаа тээврийн менежмент илүү ухаалаг болох хандлагатай байдаг ажээ.
Эх сурвалж: BBC