Тачаангуй байдлын илэрхийлэл болсон уг брэндийн классик сурталчилгааны арга барил 1970-аад оноос эхлэлтэй. Мөн брэндийн нэр хүнд нь сурталчилгааны арга барилтай холбоотой гэж үздэг. Тухайлбал, Өгөгдлийн мэдээллийг боловсруулагч “Launch metrics” компанийн мэдээлснээр, “Calvin Klein” брэндийн сурталчилгаа цацагдсанаас 48 цагийн дараа гэхэд л хэвлэл мэдээллийн нөлөөллийн үнэ цэнэ нь 12.7 сая ам.долларт хүрсэн байна. Харьцуулбал, загвар өмсөгч Кендалл Женнер, реппер “A$AP Rocky” нарыг нүүр царайгаа болгосон 2024 оны хаврыг угтсан загварын сурталчилгаа нь 48 цагийн дотор 2.8 сая ам.доллараар үнэлэгджээ.
Жереми Аллены булчинлаг цээжээр “гангарсан” шинэ сурталчилгаа хэвлэлийн анхааралд илүү их өртсөн нь учиртай. Учир нь Их Британийн зар сурталчилгааны стандартыг зохицуулах газраас дуучин “FKA Twigs”-ийг нүүр царайгаа болгосон “Calvin Klein” брэндийн өмнөх сурталчилгааг хориглосон юм. Тус газраас сурталчилгааны зургууд нь түүний “хувцас гэхээсээ илүү биеийн онцлогт нь анхаарлаа хандуулж, энэ нь түүнийг хэвшмэл бэлгийн объект гэж харагдуулсан” гэж мэдэгджээ.
Энэхүү шийдвэр нь удалгүй эсэргүүцэлтэй тулгарсан бөгөөд шүүмжлэгчид тус агентлагийг эмэгтэй хүний бэлгийн байдал, биеийг хянахыг оролдсонд буруутгажээ.
Гэсэн атал Их Британийн агентлаг Кендалл Женнерийн ижил төстэй сурталчилгааны зургуудыг “хариуцлагагүй гэж үзэх магадлал багатай” гэж мэдэгдсэн нь цахим ертөнцөд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан гэж шүүмжлүүлжээ. Их Британийн зар сурталчилгааны стандартыг зохицуулах газар мэдэгдэлдээ, “Бидний шийдвэр нь зөвхөн зар сурталчилгааны агуулга нь стандарт, дүрмийг зөрчсөн эсэхийг хянадаг. Эдгээр зар сурталчилгаан дээр гарсан загвар өмсөгчдийн онцлог шинж чанар, хүйс нь бидний үнэлгээний нэг хэсэг биш байсан …” гэжээ.
Харин дуучин “FKA Twigs” хэлэхдээ, “Тэдний намайг тодорхойлсон шиг “хэвшмэл бэлгийн объект”-ийг би олж харахгүй байна. Би таны төсөөлж чадахаас ч илүү өвдөлтийг тэсвэрлэх чадвартай, гайхашигт өнгөт арьст эмэгтэйг харж байна” гэж хариулжээ.
Түүнчлэн “Calvin Klein” ч мөн мэдэгдэл гаргаж, “Их Британид хэдэн арван жилийн турш ижил төстэй сурталчилгаа хийж байсан бөгөөд дотуур хувцасны сурталчилгаанд “тодорхой хэмжээгээр нүцгэн байх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.
Энэхүү брэнд нь зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулахын тулд “өдөөн хатгалгасан” шинжтэй зар сурталчилгаа цацдагаараа алдартай. Брэнд сурталчилгаандаа загвар өмсөгч Кейт Моссыг цээж нүцгэн тоглуулж, насанд хүрээгүй Брук Шилдсээр зохисгүй үг хэлүүлэх гэх мэтээр маргаантай үйлдлүүдийг зоригтой хийдэг. Тухайлбал, 2008 онд Эва Мендесийн тоглосон сүрчигний сурталчилгааг АНУ-д хориглосон. Гэвч сүүлийн 10 жилийн хугацаанд брэндийн зар сурталчилгаа нь ижил түвшний анхаарлыг татаж чадаагүй.
Энэ салбарынхан ч зар сурталчилгаанд илүү болгоомжтой ханддаг болсон. Учир нь “Victoria’s Secret” брэндийн “сахиусан тэнгэрүүд”-ийн хэт төгс бие галбир шүүмжлэлийн бай болж, “Balenciaga” брэнд хүүхдийг “BDSM” агуулгатай сурталчилгаанд ашигласнаас болж хэрэглэгчдээ алдахад хүрсэн. Гэвч “Calvin Klein” брэндийн зоригтой, өдөөн хатгасан сурталчилгаа нэр хүндийг нь өсгөсөөр байна.
“Calvin Klein” брэндийн зар сурталчилгааны амжилт нь оддыг тачаангуй байдлын бэлгэ тэмдэг болгож чаддагт оршдог. Тэд 1990-ээд оны үед Моссыг загварын дэгжин хатан хаан хэмээн нэрлэгдэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Уолбергт Марки Маркийн эрин үеийг давахад тусалсан юм. Жастин Биберийн 2015 оны сурталчилгаа нь түүнийг өсвөр насны “Tiger Beat” гэхээсээ илүү насанд хүрэгчдийн хүсэл тэмүүлэлтэй нэгэн болгож чадсан.
ЭХ СУРВАЛЖ: CNN