Дайны талбарт цэргүүд сум, их буу, пуужин ашиглан тулалддаг төдийгүй үзэл санаа, суртал ухуулгаар дайн хийдэг. Энэ нь Украины дайны талбарт муур яагаад үүрэг гүйцэтгэх болсныг тайлбарлана. Украины олон нийтийн сүлжээ мууртай хамт байгаа цэргүүдийн зураг, бичлэгээр дүүрчээ. Муур аймшигт дайны цуст тулааны талбарт сэтгэл заслын үүрэг гүйцэтгэхээс гадна өхөөрдөм, эмзэг байдлаараа хандив тусламж татах, мөн халдварт өвчин тараах эрсдэлтэй хулгана, хархны “эзлэн түрэмгийлэл”-тэй тэмцэж байна.
Муурнууд ихэвчлэн дайны улмаас сүйрсэн ойролцоох тосгон эсвэл хотуудаас Украины армийн байрлалд ирдэг. Эзэддээ хаягдсан гэрийн тэжээвэр амьтад байнгын буудалцаан, нисгэгчгүй онгоцны цохилт, минатай талбайгаас ирж хүнээс хамгаалалт эрдэг. “Айсан бяцхан амьтан хамгаалалт хайж чам дээр ирэхэд чи үгүй гэж хэлж чадна гэж үү? Бид хүчирхэг учраас оросуудын дайралтаас болж бидэнтэй адил аймшигтай нөхцөл байдалд орсон сул дорой амьтдыг хамгаалдаг” гэж Украины армийн байлдааны эмч Олександр Ябчанка тайлбарлав.
Муур болон бусад амьтад Украины цэргүүдийн дайны стрессийг бууруулж, сэтгэлзүйг нь дэмждэг гэнэ. Украины армийн хэвлэлийн төлөөлөгч Олександр Штупун хэлэхдээ, “Зарим нь тэднийг үрчилж аваад гэртээ аваачиж өгдөг бол зарим нь тэднийг траншейнд байлгаж, өөр ангиудад шилжүүлэхийг илүүд үздэг” гэж мэдэгджээ. Үрчлэгдсэн муурнууд газар доорх “Starlink” хиймэл дагуулын кабель, машины утсыг зажилж, хүнсний хангамж, цэргийн хэрэгслийг сүйтгэж, унтаж буй цэргүүдийн хурууг ч хүртэл хазаж орхидог хулгана, хархнуудтай тэмцдэг байна. “Хэрэв манай нуувчинд муур байвал хулгана үргэлж хол байх болно” гэж Ябчанка хэлэв.
СИРСКИЙ МУУР
Украины армийн хуурай замын цэргийн командлагч Александр Сирский нь тус улсын чадварлаг удирдагчдын нэг гэдгээрээ алдартай. Түүнтай ижил нэртэй муур нь мөн өөрөөс нь дутахгүй алдаршчээ. Сирский муурын эзэн болох Украины армийн офицер Роман Синициний тайлбарласнаар нэрний давхцал нь тохиолдол гэнэ. “Түүнийг бяслаганд /украинаар сыр/ дуртай болохоор ингэж нэрлэсэн. Мэдээж, манай генералтай ижил нэртэй учраас цэргүүд маш их хошигнодог” гэж Синицин ярьжээ. Генерал Сирский ч үүнийг хөгжилтэй тохиолдол гэж боддог гэж тэрбээр тайлбарлав. Синицин тулааны шугам болсон тосгонд хулганаар дүүрсэн, орхигдсон байшинд бүтэн сар хорогдож байхдаа Сирский мууртай таарчээ.
“Оршин суугчдын олонхыг нүүлгэн шилжүүлсэн ч муурнууд орхигдсон. Бид Сирскийг олоод, өөрсөдтэйгөө хамт байлгахын тулд хоол өгдөг байсан. Хариуд нь тэр хулганы асуудалтай тэмцсэн. Унтаж байхад хулгана бие дээгүүр гүйлдэж, хувцас, эд хэрэгслүүдийг минь мэрж сүйтгэдэг байсан. Хулгана юу ч байсан мэрчихдэг. Бид хулганаас болж хоёр хайрцаг савласан хоолоо хаясан. Харин Сирскийг ирсний дараа бид шөнө тайван унтдаг болсон. Би гэртээ харихдаа Сирскийг авч яваад, Киевт гэр бүлийнхэнтэйгээ аюулгүй үлдээхийг хүссэн. Гэвч тэр армид үргэлжлүүлэн алба хаахыг хүссэн юм. Сирский олон нийтийн сүлжээнд алдаршсанаар бид 147 мянган еврогийн хандив босгож, их буу худалдаж авсан шүү” гэж Синицин түүхээ хуучлав.
ХАЙРТ ШЕЙБИК
Украины баруун өмнөд хэсэгт орших Одесса мужаас ирсэн цэрэг Александр Лиашук 2022 онд өмнөд фронтод хамт амьдардаг байсан дөрвөн тэнэмэл зулзагын нэг болох Шейбиктээ маш их хайртай байв. “Шейбик бусдаасаа илүү харизмтай нь байсан. Хүйтэн болж байсан болохоор би түүнийг нэг шөнө өвөртөлж унтсан. Тэгээд л би тэр мууранд дурласан. Тэр бол зөвхөн миний хамгийн сайн найз ч биш, миний хүү байсан” гэж 26 настай Лиашук хэлэв. Тэр цагаас хойш Шейбик Лиашуктай хамт өөр өөр албан тушаалд шилжсэн бөгөөд тэд хамтдаа эргүүл хийж байгаа видео бичлэгүүдээрээ цахим сүлжээнд сенсаци тарьжээ. Лиашук муураа төгс анчин гэж тодорхойлдог. “Нэг удаа бид ойд байрлахад тэр нэг өдрийн дотор 11 хулгана барьсан. Заримдаа [тэр] миний мишокон дотор хулгана авчирдаг” гэж тэрбээр сайрхана.
Тэдний холбоо маш хүчтэй байв. Шейбик эрх чөлөөт тэнэмэл муур учраас хаа сайгүй тэнэдэг ч үргэлж Лиашук дээр буцаж ирдэг байсан гэнэ. Харамсалтай нь муур өнгөрсөн зургадугаар сард 18 хоног сураггүй алга болсон бөгөөд Украины цэргүүд байрлалаасаа хэдэн км-ийн зайтай газраас түүнийг бусад муурнуудтай хамт хөлдсөн байхыг олжээ. “Түүнд зүгээр л хайр хэрэгтэй байсан” гэж Лиашук нулимс дуслуулан дурсчээ.
Шейбик, Лиашук нар мөн Украины армид хандив цуглуулсан. Тэд долоон машин болон бусад хангамжийг авах мөнгө цуглуулахад тусалсан учраас өнгөрсөн есдүгээр сард Шейбик тусгай шагнал хүртжээ.
ЭХ КАРОЛИНА
Ябчанка хэзээ ч мууранд хайртай нэгэн байгаагүй. Гэхдээ хоёр жилийн өмнө Каролина эх мууртай таарснаас хойш түүний бодол өөрчлөгджээ. Тэрбээр Донецк мужийн Серебрианка тосгонд тулалдаж байхдаа эелдэг зантай тэнэмэл мууртай таарсан нь Каролина байв. “Нэг өдөр Каролина бидний унтаж буй газарт цонхоор үсрэн орж ирсэн. Бид түүнийг харааж, хөөсөн. Гэтэл тэр удалгүй зулзагалсан. Ингэж л бид зургаан мууртай гэр бүлтэй болсон” гэж Ябчанка ярьжээ. Каролина болон түүний зулзаганууд үрчлүүлэх насанд хүртлээ Ябчанкагийн хамт цэргийн ангиудаар явсан байна.
“Бид зулзагануудыг үрчлэх гэр бүлүүдийг хурдан олсон. Харин Каролина болон цагаан зулзага Хонор надтай хамт үлдсэн. Би тэднийг төрөлх Львов хотдоо аваачсан. Ээж минь хоёр мууртай болсондоо маш их баяртай байсан” гэж Ябчанка инээв.
Жилийн дараа Харьков мужийн Купянскийн ойролцоогоос Шабрис хэмээх бяцхан нохойг олж авснаар Львовын муурны бүлэглэл бүл нэмжээ. “Одоо бид гэртээ хэзээ ч уйддаггүй” гэж хэлээд нохой муурны зодооны видеог үзүүлэв. “Чамайг сүүлчийн найдвар болгон сонгосон хөөрхий амьтдыг орхиж болохгүй” гэж Ябчанка учирлах аж.
ДЭЭД ҮҮЛДРИЙН ХЕРИЧ
Фронтын тэнэмэл мууруудаас ялгаатай нь Херич бол “Шотланд фолд” үүлдрийн “үнэтэй” амьтан. Оросуудын түрэмгийлэл эхэлмэгц Херич фронтын ангиудад хангамжийг хүргэдэг “Сергей Притула” сайн дурын сангийн цэргийн зохицуулагч Кирило Люковтой нэгджээ. Донецк мужийн Краматорск хотод Люковын хамт амьдардаг Херич 20 гаруй удаа фронтод иржээ. “Тэр ирэх бүрдээ шоуны од болж, олон цэрэг түүнийг өхөөрдөж, зургаа авхуулахаар бидэн рүү гүйдэг байсан” гэж Люков хэлэв. Херич үүнд бага зэрэг цочирдсон ч тэвчээртэй ханддаг байсан гэнэ.
Бусад фронтын амьтдаас ялгаатай нь Херич оросуудын дайралт, буудалцааны үеэр тайван байдаг гэнэ. Сирскийн нэгэн адил Херич өөрийн цахим нэр хүндээ ашиглан Украины армид ойролцоогоор 25 мянган евро цуглуулж өгснөөр нь цэргийн машин худалдаж авчээ.
ЭХ СУРВАЛЖ: POLITICO