Хил дээр хоригдол солилцохоор олзны хүмүүсийг тээвэрлэж явсан Оросын цэргийн онгоц сүйрчээ. Өмнөд хэсгийн Белгород хот руу нисч явсан цэргийн онгоц сүйрснээр 74 хүн амь үрэгдсэний 65 нь олзны украин цэрэг байв.
Ослын шалтгаан, нисэх онгоцонд хэн зорчиж явсныг хараахан тогтоогоогүй байгаа ч Кремлийн зүгээс энэ хэрэгт Украиныг буруутгаж “террорист үйлдэл” гэж нэрлэж байна. “Илюшин Ил-76” онгоц хилийн ойролцоох нисэх онгоцны буудал руу “төлөвлөгөөт нислэг үйлдэж” байх үед зенитийн пуужингийн системээр харвасан гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгдэв. “Онгоцонд нисэх багийн зургаан гишүүн, солилцоонд оролцох Украины 65 цэргийн албан хаагч, тэднийг дагалдан явсан Оросын гурван цэргийн албан хаагч байсан. Онгоцны багийнхан болон бүх зорчигчид амь үрэгдсэн” гэж мэдэгдэлд дурджээ. Түүнчлэн Оросын радарын системүүд Украиныг хоёр пуужин хөөргөхийг ажигласан байна. Оросын Батлан хамгаалах яамнаас хэлэхдээ, Украины засгийн газар “Тогтоосон практикийн дагуу цэргийн тээврийн онгоц энэ чиглэлд хоригдлуудыг солилцохоор төлөвлөж байгааг маш сайн мэдэж байсан” гэжээ.
Харин Украины албаны хүмүүс “баталгаагүй мэдээлэл” хуваалцахгүй байхыг анхааруулсан ч хэргийг шууд үгүйсгээгүй ба нэмэлт мэдээлэл өгөөгүй.
Үүний зэрэгцээ Украины арми өчигдөр хийсэн мэдэгдэлдээ, “Украин болон украинчуудыг хамгаалах бүх арга хэмжээг авч байна” хэмээгээд Харьков муж руу ОХУ-аас сүүлийн үед агаараас довтолж буйг дурджээ. “Пуужингийн аюулыг бууруулахын тулд Украины Зэвсэгт хүчин агаарын орон зайг хянахын зэрэгцээ пуужин хөөргөх цэгүүд, тэдгээрийг хүргэх логистик, ялангуяа цэргийн тээврийн нисэх онгоцыг ажиглаж нарийн хяналт тавьдаг. Сүүлийн үед Белгород нисэх онгоцны буудал руу нисч буй цэргийн тээврийн онгоцуудын тоо нэмэгдсэн. Үүнийг харгалзан Украины Зэвсэгт хүчин хүргэх хэрэгслийг устгах, агаарын орон зайд хяналт тавих, тэр дундаа Белгород-Харьков чиглэлд террорист аюулыг устгах арга хэмжээ авах болно” гэжээ. Гэхдээ энэ мэдэгдэл нь осолтой шууд холбоогүй юм.
Гэсэн ч Украины цэргийн тагнуулын алба “олзлогдогсдыг солилцох ёстой байсан ч солилцоо болоогүй” гэж мэдэгджээ. Гэвч тус онгоцонд хэн, хэдэн хүн зорчиж явсан талаар баттай мэдээлэл байхгүй аж. Украин хүлээсэн үүргээ биелүүлж, олзлогдсон Оросын цэргийн албан хаагчдыг “заагдсан солилцооны цэгт хугацаанд нь хүргэж, аюулгүй байлгасан” гэж нэмж хэлэв. Түүнчлэн “Белгород хотын нутаг дэвсгэрт агаарын орон зайн аюулгүй байдлыг тодорхой хугацаанд хангах шаардлагатай байгаа талаар Оросын талаас Украинд мэдэгдээгүй” гэж мэдэгджээ.
Хоёр улс Украины зүүн болон өмнөд хэсэгт дайны фронтын шугамд тулалдаж байгаа ч хоригдлуудыг байнга солилцдог. Хамгийн сүүлд Арабын нэгдсэн Эмират улсын зуучлалаар хэлцэлцээ хийснээр Украины 230 цэргийг Оросын 248 алба хаагчаар солилцсон байна.
ОХУ-ын баруун хэсгийн бүс нутаг, тэр дундаа Белгород ч сүүлийн долоо хоногт тогтмол дайралтанд өртөх болсон. Энэ нь галын шугамын цаана Украины сөрөг довтолгоо эрчимжиж байгаатай холбоотой. Хилийн ойролцоох Оросын хамгийн том хот болох Белгород 340 мянга орчим хүн амтай. Энэ нь Украины хоёр дахь том хот болох Харьковоос хойд зүгт 60 милийн зайд оршдог.
ЭХ СУРВАЛЖ: NBCNEWS