“Японы мисс-2024” тэмцээний ялагчаар гадаад бүсгүйг тодруулсан нь маргаан дагууллаа. Тэмцээний ялагч болсон 26 настай Каролина Шийно нь Украинд төрсөн бөгөөд ээж нь Япон хүнтэй гэрлэснээр таван настайдаа тус улсад ирсэн аж. Ингэснээр Японы иргэншилтэй гадаад хүн “Японы мисс” Гранпри тэмцээний ялагч болсон анхны тохиолдол болжээ.
Каролина “The Independent” сонинд хэлэхдээ, “Надад Япон хүн гэж хүлээн зөвшөөрөгдөхөд олон бэрхшээл тулгардаг байсан. Тиймээс энэ тэмцээнд Япон хүн гэдгээрээ шалгарсандаа талархаж байна” гэсэн байна.
Хэдийгээр “хэл яриа, оюун ухаанаараа” өөрийгөө япон гэж зарласан ч тэмцээний дараа олон нийтийн сүлжээнд маргаан дэгдэж, зарим нь япон гаралтай биш хүнийг ялагчаар тодруулсанд дургүйцжээ. “Японы миссээр сонгогдсон энэ хүн эрлийз ч биш, 100 хувь цэвэр украин хүн. Түүнийг үзэсгэлэнтэй гэдгийг ойлгож байна. Гэхдээ энэ бол “Японы мисс”. Япончууд хаана байна?” гэж нэгэн сэтгэгдлээ бичжээ. Түүнчлэн өөр нэг хүн “Европ төрхтэй хүнийг хамгийн үзэсгэлэнтэй япон хүн гэж хэлэхэд япончууд угаасаа буруу мессежийг хүлээн авдаг гэж би бодож байна” гэв.
Гэсэн ч арга хэмжээг зохион байгуулагчид Каролинаг сонгосон шалтгаанаа зөвтгөж, түүний “итгэлтэй байдал” шүүгчдэд гүн сэтгэгдэл үлдээснийг онцолжээ. Мөн тэмцээнийг зохион байгуулагч Ай Вада “Японы гоо үзэсгэлэн гадаад үзэмж, цусанд биш, харин бидний зүрх сэтгэлд бат оршдог” хэмээгээд Японы гоо үзэсгэлэнгийн мөн чанарыг эргэцүүлэн бодохыг үзэгчдэд уриалсан байна.
ЭХ СУРВАЛЖ: THE NEXT SHARK