НАТО Хүйтэн дайнаас хойших хамгийн том цэргийн сургуулилтаа эхлүүлсэн байна.“Steadfast Defender 2024” нэртэй цэргийн хамтарсан сургуулилт лхагва гарагт /2024.01.24/ эхэлжээ.
Энэхүү хамтарсан бэлтгэлд 90 мянга гаруй цэрэг оролцож 50 байлдааны онгоц, 80 сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, 133 танк, 533 явган цэргийн байлдааны машин зэрэг 1,100 гаруй цэргийн хүнд механизм ашиглах юм.
“Steadfast Defender 2024” нь ОХУ-ын довтолгоонд хэрхэн хариу өгөх талаар нарийвчлан тусгасан хөтөлбөртэй сургуулилт байна. НАТО албан ёсны мэдэгдэлдээ ОХУ-ын нэрийг дурдаагүй. Гэхдээ тус холбооны стратегийн бичиг баримтууд Оросыг хамгийн том заналхийлэл гэж тодорхойлдог билээ.
Их Британийн Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Грант Шаппс сургуулилтын талаар “Хүйтэн дайн дууссанаас хойших НАТО-гийн явуулсан хамгийн том сургуулилтад Их Британи 20 мянган цэрэг илгээнэ гэдгийг өнөөдөр зарлаж байна.Сургуулилтад манайхаас гадна НАТО-гийн 30 орон мөн Шведийн арми оролцож, Путиний заналхийллийн эсрэг өгөх аюулгүй байдлын баталгаа болно” гэж хэлсэн байна.
Харин ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Александр Грушко ням гарагт /2024.01.21/ РИА агентлагт өгсөн ярилцлагадаа “Steadfast Defender 2024” нь Хүйтэн дайны нөхцөл байдал руу эргэлт буцалтгүйгээр түлхлээ гэжээ.
Эх сурвалж: Reuters