Бидний цаг үеийн хамгийн алдартай америк хөлбөмбөгчдийн нэг бол Кристиан Пулишич билээ. Анх 2016 онд мэргэжлийн хөлбөмбөгчний замналаа Германы Боруссиа Дортмундаас эхлүүлснээс хойш тэрбээр өнөөг хүртэл өндөр түвшинд тоглож байна. Харамсалтай нь сүүлийн хоёр жилийн хугацаанд бэртэл гэмтэл, багийн удирдлага, бүтцийн өөрчлөлтөөс болоод өөрийн сайн тоглолтоо үзүүлж чадахгүй байсан Пулишич өнгөрсөн зун бууриа сэлгэж Италийн АС Миланд очсон юм.
Шинэ багийнхаа төлөө тэрбээр бүх тэмцээнийг оролцуулаад нийт 27 тоглолтод долоон гоол, таван гоолын дамжуулалт өгөөд буй. Мөн түүнчлэн өнгөрсөн 12 дугаар сарын Сери-А лигийн шилдэг тоглогч, АНУ-ын 2023 оны эрэгтэй оны шилдэг хөлбөмбөгчнөөр шалгарсан. Кристиан Пулишич саяхан “Athletic” сэтгүүлд хүүхэд насны дурсамж, зорилго, Челсид юу тохиолдсон, ирэх зун болох Копа Америка тэмцээн, шинэ багтаа хэр дасаж байгаа зэрэг талаар ярьсан ярилцлагыг тоймлон хүргэж байна.
ХҮҮХЭД НАС
-Бага байхад ДАШТ-ийг үзэхэд Клинт Демпси гоол оруулахыг бас 2010 онд Өмнөд Африкт болсон ДАШТ-ээр Лэндон Донован Алжирийн шигшээ багийн эсрэг хожлын гоол оруулж байсныг санаж байна. Эдгээр сайхан дурсамжууд ой санамжинд минь үлдэж, манай үеийнхийг тэр тусмаа, намайг урам зоригжуулсан. Чамтай нэг газраас ирсэн хүний тоглолтыг үзэж улмаар өндөр түвшний тоглолт гаргахыг хүссэн. Дэлхий дахинд юу чадахаа харуулж, шилдэг нь байж, юу чадахаа харуулах нь миний хувьд хамгийн чухал. Хэрэв би америк, магадгүй дэлхий дахин дахь хүүхдүүдэд урам зориг өгч тэднийг идэвхжүүлж чадвал надад үүнээс илүү том шагнал гэж үгүй.
Би их яриасаг хүн биш ээ. Үгнээс илүүтэйгээр үйл хөдлөлийг илүүд үздэг. Зүгээр л өдөр тутам хийдэг зүйлээ хийдэг. Би шигшээ багийн түвшинд болон клубын түвшинд өөрийн чадах чинээгээрээ өндөр төвшинд тоглолт үзүүлэхийг хичээдэг. Үүгээрээ бусдад үлгэрлэж, тэдэнд үлгэр жишээ болохыг хичээдэг. Би өөрийгөө энгийн л нэг залуу гэж боддог. Үргэлж олон нийтийн дунд гараад байдаггүй. Өдөр бүр бэлтгэл хийдэг. Гэртээ ирээд амраад, ойр дотныхоо хүмүүстэй ярилцдаг.
АМЕРИК ДАХЬ НӨЛӨӨЛӨЛ
Эдийн засгийн талаасаа Пулишич Милан болон Сери А лигийг Хойд Америкт сурталчлах тал дээр сайтар нөлөөлж байна. Россонеричуудын өнгөрсөн зун Хойд Америк хийсэн аялан тоглолтынхоо үеэр Реал Мадрид, Ювентус багуудтай нөхөрсөг тоглолт хийж улмаар багаа сурталчлах, фанатуудыг идэвхжүүлэх, цэнгэлдэхэд цуглуулах гол хөшүүргүүдийн нэг нь Пулишич байсан билээ.
-Би зүгээр л хөлбөмбөг тоглож хожихыг хүссэн. Аль болох спортын талаас нь анхаарал хандуулж байна. Харин тэдгээр зүйлс бол өөр тусдаа зүйлс. Би тэд нар дээр анхаарахгүй байна. Би энд байгаадаа их баяртай байна. Надад энд маш их боломжууд олдож байна.
ЧЕЛСИ БАГИЙН НЭГ ХЭСЭГ ГЭДГЭЭ МЭДРЭХГҮЙ БОЛООД БАГААС ЯВСАН УУ?
-Би зүгээр л одоо хаана байгаадаа баяртай байна. Челси дэх эхний хэдэн жил сайхан байсан. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд тэнд олон зүйл өөрчлөгдсөн. Өнгөрсөн зун олон тоглогчид багаас явж, өөрсдөдөө шинэ боломжуудыг хайн зарим нь үүнийгээ сайнаар ашиглаж байна. Өмнө нь Челсид тоглож байсан тоглогчид болох Рубен Лофтус Чик, Фикайо Томори, Оливер Жиру Миланд байсан нь намайг энд ирэх шийдвэрийг гаргахад амар хялбар болгосон.
МУСАГИЙН ТАЛААР
Пулишичийн хувьд Италийн баг дахь одоогийн байдлаар цор ганц америк тоглогч биш. Аз болж энэ зуны наймааны цонхоор “Улаан харууд” Испанийн Валенсиа багаас түүний нутаг нэгт, шигшээ багийн тоглогч Юнус Мусаг авчирсан. Нутаг нэгт тоглогч багт нь байгаа нь түүнд итали хэл, соёл, хөлбөмбөгийн тоглолт талаасаа шинэ зүйлд суралцахад тус нэмэртэй байгаа аж. Мусагийн хувьд Нью-Йорк хотод төрсөн хэдий ч Италийн Венецийн ойролцоох Кастельфранко Венетод өсч торнисон, итали хэлээр чөлөөтэй ярьдаг билээ.
-Тэр бол гайхалтай хүүхэд. Би түүнтэй шигшээ багт тоглох дуртай. Өмнө нь шигшээдээ л цуг тоглодог байсан бол одоо харин түүнийг өдөр бүр клубын нэг багийн тоглогчийн хувиар харах сайхан байна. Би Италиар ямар нэг зүйл ойлгохгүй бол тэр надад орчуулж, тайлбарлаж өгдөг. Тэр надад бараг бүх зүйлийг зааж өгдөг. Ялангуяа хөлбөмбөгтэй холбоотой бүх зүйлийг.
ИТАЛИЙН ЛИГТ ИРЭЭД ГАРСАН ӨӨРЧЛӨЛТ
-Би Италийн лигт ирээд өөрийн тоглолт дээрээ анхаарч, олон зүйл шинээр сурсан. Ялангуяа баруун жигүүрт тоглох, зөв цаг мөчийг олж, довтолгооны боломж үүсгэх, өөрийн солгой хөлний тоглолтоо сайжруулсан. Мөн тоглолтын тактикийн түвшинд олон зүйл суралцсан. Хамгаалтын тал дээрээ эсрэг багийнхаа тоглогчид дээр шахалт хийж хамгаалах, багийнхаа хамгаалалтын үеэр багийнхаа сул зайг нь нөхөж тоглох арга барилаа сайжруулсан.
БАГТ НЬ ЭНЭ ЖИЛ ТҮРҮҮЛЭХ БОЛОМЖ ҮЛДСЭН БОЛОВ УУ?
-Биднийг дахиад хагас улирал хүлээж байна. Тийм болохоор боломж байна гэж үзэж байна. Мөн бид Европа лигт тоглоно. Үлдсэн улиралдаа улам өөрсдийгөө шахаж, сайн тоглолт гаргахыг хичээх болно. Фанатуудаа баярлуулж чадна гэж найдаж байна.
КОПА АМЕРИКАД ТҮРҮҮЛЖ ЧАДАХ УУ?
-Яг баттай тэгнэ гэж хэлэхэд хэцүү байна. Хэрэв би энэ хүртэл явж чадсан бол энэ амжилт. Бид тэмцээндээ нэг тоглолтоос нөгөөд анхаарч тоглох болно. Мэдээж хэрэг тэмцээнд түрүүлэх нь бидний зорилго байх болно. Бид оролцох тэмцээн болгондоо ийм бодолтой оролцдог. Бидэнд залуу сайн бүрэлдэхүүн байна. Энэ бол бидний хувьд дэлхийн шилдэг багуудын эсрэг тоглох томоохон боломжуудын нэг бөгөөд дэлхий дахинд өөрсдийгөө юу чадахаа харуулна гэж найдаж байна.
МЕССИ АМЕРИКИЙН ЛИГТ ИРСЭН ТАЛААР
-Тэр бол гарцаагүй шилдэг тоглогч. Дэлхийн аваргад түрүүлснийхээ дараа АНУ-ын лигт ирсэн нь Америкийн мэргэжлийн хөлбөмбөгийн лигийн хувьд гайхалтай, онцлох үйл явдал болсон. Лиг болон Майами хотын эргэн тойронд томоохон шуугиан үүсгэж, хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг маш их татаж, хөлбөмбөгт хүмүүсийг улам их татаж, нэмэгдлүүлсэн. Миний хувьд энэ үйл явдал эерэг сайхан зүйл болсон.
ИРЭЭДҮЙД АМЕРИКДАА ЭРГЭН ОЧИЖ ТОГЛОХ УУ?
-Мэдээж хэрэг. Би хөгшин тоглогч биш ээ. Өөрийгөө дахиад хэдэн жил Европын түвшинд тоглоно гэж харж байна. Надад энд байх нь таалагдаж байна. Тиймээс яг одоогоор бол эргэж Мэйжор лигт очих бодолгүй байна. Харин хөлбөмбөгчнийхөө замналын сүүлийн мөчүүдийн үеэр бол очно. Би өөрийн хөлбөмбөгийн замналаа эхлүүлээд удаж байна. Барагцаагаар ааваад жилийн өмнө Европ руу явж байсан. Үүнээс хойш шигшээ багийн болон лигийн хүрээнд олон зүйл өөрчлөгджээ. Цаашдаа улам л илүү сайжирна гэж бодож байна.