ОХУ-ын парламентын тэргүүн Вячеслав Володин Ленинградын бүслэлт дууссаны 80 жилийн ойд хэлсэн үгэндээ, дэлхийн гуравдугаар дайны аюулыг санууллаа. Тэрбээр Бямба гаригт “Telegram” сувагтаа “Фашист үзэл суртал НАТО-гийн орнуудын удирдагчдын жишиг болсон” гэж бичжээ. Мөн барууны засгийн газрууд, тэр дундаа Канцлер Олаф Шольц тэргүүтэй Германы засгийн газрыг Украинд геноцид явуулах бодлогыг дэмжиж байна гэж буруутгав. “Энэ бол дэлхийн шинэ дайнд хүргэж болзошгүй аюултай зам” гэж Вячеслав Володин мэдэгджээ.
Хоёр жил шахам үргэлжилж буй Украины эсрэг дайнаа зөвтгөж буй Оросын гол үндэслэл нь хөрш улсаа “Нацизмаас ангижруулах хэрэгтэй” гэсэн мэдэгдэл юм.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хөрш улс руу хийсэн дайралтаа зөвтгөхийн тулд дэлхийн хоёрдугаар дайнтай түүхэн харьцуулалтыг удаа дараа ашигладаг. Тэрбээр өөрийн тушаалаар Украин руу довтлохыг нацист Германы гэмт хэргийн түрэмгийллийн дайны эсрэг ЗХУ-ын хамгаалалттай адилтгасан.
Одоогоос яг 80 жилийн өмнө буюу 1944 оны нэгдүгээр сарын 27-нд Зөвлөлтийн цэргүүд тухайн үеийн Ленинград буюу одоогийн Санкт-Петербург хотын эргэн тойронд Германы Вермахтын бүслэлтийн бүсийг сэтлэн нэвтэрчээ. Олон хоногийн бүслэлт, бөмбөгдөлтөд 1.2 сая орчим хүний амь нас хохирсон байдаг.
Үүний зэрэгцээ, байлдааны талбарт Оросын арми сүүлийн өдрүүдэд Украины хот, тосгоныг эзлэн авах хүчин чармайлтаа эрчимжүүлсэн гэж Украины арми мэдэгдлээ.
ЭХ СУРВАЛЖ: DPA