Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ил тод байдлыг дэмжиж, авлигатай тэмцэх ажлын хүрээнд сүүлийн хоёр жилийн орлого, зарлагын мэдээллээ гаргасан байна.
Энэ нь түүний олон нийтэд ил болгосон хамгийн анхны орлогын мэдээлэл юм. Ерөнхийлөгчийн албан ёсны вэбсайт дээр байршуулсан нийтлэлийг харвал түүний орлого 2021 онд буурч, 2022 оны эхээр ОХУ Украин руу довтлох үед дахин буурчээ.
Тодруулбал 2021 онд Зеленский болон түүний гэр бүл 10.8 сая гривна буюу 286,168 ам.долларын орлого олсон нь 2020 оноос нэг сая гаруй гривнагаар багассан байна.
Харин 2022 онд тэдний гэр бүлийн орлого 3.7 сая гривна буюу 97 мянган ам.доллар болж буурчээ. Энэ нь дайн эхэлсний улмаас үл хөдлөх хөрөнгө түрээслэн олдог байсан орлогын эх үүсвэр нь тасалдсантай холбоотой аж.
Украин Европын холбоонд элсэх зорилгын хүрээнд ил тод байдлыг нэмэгдүүлэн, авлигатай тэмцэх ажлыг эхлүүлээд буй. Ийм учир Зеленский энэ ажлын хүрээнд төрийн албан хаагчдыг орлого, зарлагын мэдээллээ ил тод дэлгэхийг уриалжээ.
Мөн Украин зэвсэг, санхүүгийн тусламж олгож буй барууны орнууд, Олон улсын валютын сан гэх мэт байгууллагууд авлигатай тэмцэх хүчин чармайлтаа эрчимжүүлэхийг уриалаад байгаа юм.
Эх сурвалж: Reuters