Монгол Улс сүүлийн жилүүдэд эрчим хүчний хомсдолд орох эрсдэл үүсч, цахилгааны эх үүсвэрүүд ачааллаа дийлэхгүйд хүрээд буй. Тиймээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас нийслэлийн айл өрхүүдийн цахилгаанд хуваарьт хязгаарлалт хийж эхэлсэн. Хэдийгээр эрчим хүчний зайлшгүй тохиолдолд хийх хязгаарлалттай холбоотойгоор хугацаа эцэслэсэн шийдвэр одоог хүртэл гараагүй ч эхний ээлжид төвийн эрчим хүчний системээс цахилгаан авдаг зургаан аймаг, 150 сумын тогийг цагийн зохицуулалттай хязгаарлаж байгаа.
Хуваарьт болон зайлшгүй шаардлагаар гэнэтийн хязгаарлалт хийж байгаа ч эрчим хүчний хэрэглээ оргил ачааллын цагуудад өдөр бүр өсч байгаа талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ.
Тодруулбал, эрчим хүчний системийн хоёр хоногийн өмнөх жишээнээс харвал /2024.01.28/ оргил ачаалал 19:00 цагт 1553 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 184 МВт-аар, импорт 167 МВт-аар тус тус өссөн байна. Энэ нөхцөлд хэрэглэгчид л цахилгаанаа хэмнэх зохицуулалт хийхээс өөр аргагүй аж. Ингэхдээ хөргөгч, хөлдөөгчийн байршлыг өөрчлөх. Хөргөгчийг 30 градусаас дээш хэмийн халуун өрөөнд байлгах нь энгийн үеэс хоёр дахин их эрчим хүч зарцуулдаг байна. Мөн плитка, ус буцалгагч, халаагуур /радиатор/-тай ойр байрлуулснаар илүү их эрчим хүчийг зарцуулдаг аж. Тиймээс хөргөгч, хөлдөөгчийг халаах хэрэгслээс хол байрлуулж эрчим хүчний хэрэглээгээ бууруулах боломжтой байна.
ХУВААРЬ ГАРААГҮЙ Ч ЗАЙЛШГҮЙ ТОХИОЛДОЛД ГЭНЭТИЙН ХЯЗГААРЛАЛТ ХИЙНЭ
Төвийн бүсийн зургаан аймагт Төв, Дархан, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь зэрэг аймаг багтаж шаардлагатай тохиолдолд цахилгааны хязгаарлалтад орох бүсэд багтаж байгаа бөгөөд тогны хязгаарлалтыг зайлшгүй тохиолдолд эдгээр аймгийн нийт 150 суманд өдөрт 2-3 цагаар зааглана. Дархан-Уул аймаг нийт 11,3 мянган айл өрх, 1500 гаруй аж ахуй нэгжийг хангадаг.
Харин Төв аймгийн тухайд нийт 12 мянган хэрэглэгчид үйлчилдэг бөгөөд 6, 10 кВ-ын 97 фидер, 1152 дэд станцын нийт 1495 тоолуур хэмжих хэрэгслийг ашиглан хэрэглэгчдэдээ цахилгаан эрчим хүчийг түгээн борлуулдаг байна.
Төвийн бусад аймгууд ч 10-аас дээш мянган хэрэглэгчийг цахилгаанаар хангадаг байна. Тиймээс төвийн аймгуудад өдөр 2-3 цагийн хязгаарлалт хийх нь бодит хэмнэлт болох боломжтой гэж урьдчилсан байдлаар Эрчим Хүчний яамнаас тооцоолжээ. Гэхдээ эрчим хүч хязгаарлах ямар ч хуваарь гараагүй байна.
Цахилгаан эрчим хүчний өртөг өнөөдрийн байдлаар нэг квт цаг тутамд 224 төгрөг байгаа.
Энэ нь хэрэглэгч нарт дунджаар 211-213 төгрөгөөр борлуулж байна гэсэн үг. Ахуйн хэрэглэгчдийн хувьд нэг квт цахилгаан эрчим хүчийг 141-142 төгрөгөөр худалдан авч байгаа. Энэ нь бодит өртгөөс 58 хувиар доогуур түвшинд байгааг үе, үеийн сайд нар онцолдог. Тиймээс эрсдэлт нөхцөлд улсаараа орохгүйн тулд оргил ачааллын 19:00-21:00 цагт цахилгаанаа гамтай хэрэглэхийг зөвлөж байна.