“Ногоон автобус”-ны гэх хэргээр Түгжрэлийн асуудал хариуцсан сайд асан Ж.Сүхбаатар нарт яллах дүгнэлтийг танилцуулж эхэлсэн байна. Тодруулбал, Авлигатай тэмцэх газраас “Ногоон автобус”-ны хэрэгт Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар, хотын орлогч асан Ж.Сандагсүрэн, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Түмэнжаргал, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Г.Энхтайван, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар, БНСУ-ын иргэн Лий Жунг Суб, Ким Киабаум нарын 25 хүнийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байдаг.
Харин прокурорын байгууллагаас дээрх хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ хотын орлогч асан Ж.Сандагсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, бусад яллагдагч нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн гэх мэдээлэл байна.
Авлигатай тэмцэх газраас /2024.01.09/ “Ногоон автобус”-ны гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн. Автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийсэн гэдгийг хуулийн байгууллага тогтоосон байна. Хохирол 134.5 тэрбум төгрөг бөгөөд үүнээс мөрдөгчид 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан гэдэг мэдээллийг өгсөн юм.
Улсын ерөнхий прокурорын газраас байгуулсан Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр нийтийн тээврийн автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байна.
Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар 141 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, прокурорын зөвшөөрлөөр нэр бүхий 11 иргэний орон байр, бусад газарт нэгжлэг хийсэн талаар өмнө нь мэдээлж байв.
Мөн хэрэгт хамаарал бүхий аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлан, эд хөрөнгүүдийг нь битүүмжлэх арга хэмжээ авсан. Дээрх яллагдагч нараас нэг хүнд цагдан хорих, 24 хүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Тодруулбал, “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуягийн цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгаж, үргэлжлүүлэх хорих шийдвэрийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан байдаг. Мөн нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга асан Ч.Сайханбаярыг үргэлжлүүлэн хорьж, шалгаж байгаа гэх мэдээллийг өгч байв.
Хэрэгт 2023 онд төсвийн хөрөнгөөр 800 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна. Тодруулбал, улс төрд нөлөө бүхий нэг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны газар, нийтийн тээврийн газрын албаны 18, хувийн компанийн удирдах, гүйцэтгэх гурван албан тушаалтан, гадаад улсын дөрвөн иргэн яллагдагчаар татагдсан талаар мэдээлж байсан.