Хятад дахь хойд солонгос ажилчид энэ сарын эхээр эсэргүүцэл гаргаж, үймээн дэгдээснээр албан хаагчийн амийг хөнөөж, гурван хүнийг гэмтээсэн хэргийг мэдээллээ. Сөүлийн тагнуулын албаныхны мэдээлснээр, Хойд Солонгосын гадаад дахь ажилчдын дунд ажлын байрны нөхцөл муугаас болж тийм асуудал гарсан гэсэн байна.
Солонгосын Үндэсний нэгдлийн хүрээлэнгийн ахлах шинжээч Чо Хан Бумын хэлснээр, нэгдүгээр сарын 11-15-ны хооронд Хятадын зүүн хойд хэсэгт орших Жилин мужийн Хэлонг руу оёдлын үйлдвэрүүдийн ажилчдыг хянахаар илгээсэн Хойд Солонгосын албаны хүн үймээний дараа нас баржээ. Хойд Солонгосын ажилчид олон жилийн турш цалинг нь өөрсдийнх нь зөвшөөрөл, мэдэгдэлгүйгээр Пёньян дахь эрх баригч Хөдөлмөрийн нам руу илгээсэнд дургүйцэж, тэмцсэн байна.
Оёдол, загасны аж ахуйн боловсруулах үйлдвэрт ажилладаг олон мянган хойд солонгос ажилчин цалингаа авахыг шаардан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан гэж БНАСАУ-ын дипломатч асан Ко Ён Хван мэдэгджээ.
Дээрх хоёр эх сурвалжийн мэдээлснээр, ажилчдад цалинг нь буцааж өгнө гэж Пёньяны эх барих намаас баталгаажуулсны дараа эсэргүүцлээ зогсоохыг зөвшөөрсөн байна.
Энэ бол Хойд Солонгосын дэглэмийн эсрэг нийтэд ил болсон анхны зохион байгуулалттай эсэргүүцэл бөгөөд энэ нь улс оронд болон цаашлаад гүн гүнзгий үр дагаварт хүргэх болно. Чо Хан Бумын тайлбарлаж буйгаар Хойд Солонгосын эрх баригчдад тэдэнд цалинг нь буцааж олгох мөнгө байхгүйгээс гадна Хятад болон бусад орны ажилчдад үлгэр жишээ болж, эсэргүүцэл гарахад түлхэц өгч магадгүй гэнэ. “Хилийн чанадад илгээсэн Хойд Солонгосын ажилчдын ихэнх нь Пёньяны эрх ямбатай гэр бүлээс гаралтай. Тиймээс энэхүү эсэргүүцэл нь 40 настай удирдагч Ким Жон Унд урьд өмнө байгаагүй улс төрийн сорилт болж байна” гэв.
Хилийн чанадад ажиллаж буй Хойд Солонгосын иргэдийн тоо тодорхойгүй байдаг. Гэвч 2019 онд АНУ-ын засгийн газрын тооцоолсноор, дэлхийн хэмжээнд Хойд Солонгосын 100 мянга орчим иргэн барилгын талбай, үйлдвэр, мод бэлтгэх бааз болон бусад газарт ажиллаж байна. Тэдний ихэнх нь Пёньяны гол холбоотон Хятадад ажиллаж байгаа гэж шинжээчид үздэг.
ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES