Дөнгөж 15 насандаа допингийн асуудалд холбогдож дуулианы эзэн болсон Камила Валиеваг Спортын Арбитрын Шүүх (CAS)-ээс допинг хэрэглэсэн гэдгийг баталсан шийдвэр гарсан талаар бид мэдээлсэн.
Ингэснээр түүний Бээжингийн олимпын багийн төрөлд авсан алт болон тивийнхээ тэмцээнд түрүүлсэн амжилтыг хүчингүйд тооцохоо Олон Улсын Уран Гулгалтын холбооноос мэдэгдэв. ОХУ-ын олимпын багийн хүртсэн алтан медаль АНУ-д шилжиж шагналт байранд орсон Канадын шигшээд хүрэл медаль ирэх нь тодорхой болсон юм.
Харин тивийн аваргын алтан медаль нь нутаг нэгт Анна Щербаковад очно.
Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-аас энэ хэргийг ингээд орхичихгүй. Насанд хүрээгүй хүүхдэд допинг хэрэглүүлсэн гэж үзээд тухайн үеийн ОХУ-ын шигшээ багийн эмч, дасгалжуулагчдад хатуу хариуцлага тооцохоо мэдэгджээ. Хэрвээ буруутай нь тогтоогдвол бүх насаар нь эрх хасахаар төлөвлөж байна.
Энэ талаар АНУ-ын допингийн эсрэг төвийн тэргүүн Травис Тайгарт “Шүүхийн шийдвэр их удаж гарлаа. ОХУ-ын баг тамирчид 2014 оноос хойш допингтой нэр холбогдсон. Тамирчдыг хохироож шударга өрсөлдөөнд шударга бус хандлаа” гэж ярьсан юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Кремль шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй. Энэ бол цэвэр улс төрийн явуулга” гэж мэдэгджээ.