Арав орчим хоногийн өмнө сарны гадаргуу дээр буусан Японы судалгааны станцын ажиллагаа сэргэсэн тухай Даваа гарагт албаны эх сурвалж мэдээлжээ.
Slim (Smart Lander for Investigating Moon) нэртэй уг станц нэг хөдөлгүүр нь ажиллаагүйгээс хамраараа сарны гадаргууд хатгаж буусан юм. Үүний улмаас хавтангууд нь нарны гэрлээс халхлагдаж, эрчим хүчний систем нь ажиллахгүй болжээ. Ингээд батарейн цэнэг дуусах эрсдэлтэй болсон тул Японы сансар судлалын байгууллага JAXA станцыг “унтах” горимд шилжүүлж, нарны гэрэл тусахыг хүлээхээр болсон юм.
“Өнгөрсөн шөнө бид Slim станцтай харилцаа тогтоож, үйл ажиллагааг нь сэргээлээ” гэж JAXA сошиал хуудсандаа өчигдөр мэдээлжээ.
Станц сэргэмэгцээ олон зурвасын камераа идэвхжүүлж, судалгааны ажлаа эхлүүлсэн байна.
Нэгдүгээр сарын 20-ны өдөр Slim станц сарны гадаргууд амжилттай буусан юм. Ингэснээр Япон улс нь АНУ, Зөвлөлт, Хятад, Энэтхэгийн дараа станцаа саран дээр амжилттай буулгасан дэлхийн тав дахь улс болж байв.
Гэхдээ нэг хөдөлгүүр нь доголдсоны улмаас Slim станц хамраараа бууж, нарнаас эрчим хүч цуглуулах хавтангууд нь дээшээ харахын оронд баруун зүгт харж тогтсон байна.
Улмаар батарейн цэнэг нь 12 хувьтай болсон тул станцыг унтуулах горимд шилжүүлж байжээ.
Хэдийгээр хүндрэл бэрхшээлтэй тулгарсан ч Slim станц төлөвлөсөн цэгээсээ 55 метрийн зайд буусныг JAXA өнгөрсөн долоо хоногт зарласан.
Станцууд ихэнхдээ хэдэн километрийн алдаатай буудаг тул энэ нь маш өндөр нарийвчлалтайд тооцогдож байгаа.
Япон улс өмнө нь хувийн болон засгийн газрын хөрөнгөөр бүтээсэн хоёр станцыг сар руу илгээсэн нь бүгд бүтэлгүйтэж байжээ.
Эх сурвалж: AFP