Нийслэлчүүд цагаан сарын баяраас өмнө цоо шинэ автобусаар нийтийн тээврээ шинэчилнэ гэдгийг албаныхан мэдээлж буй. Энэ талаарх мэдээллийг тодруулахад, одоогоор 485 ширхэг шинэ автобус худалдан авч, оруулж ирснээс 100 гаруй нь үйлчилгээнд явж байна. Үлдсэн шинэ автобусыг хоёрдугаар сарын 2-н гэхэд Улаанбаатар хотод ирнэ гэсэн төлөвлөж байна гэсэн юм.
Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:
-Одоогоор шинэ 485 автобус шинэ автобус ороод ирчихсэн байна. Орой дахин 50 автобус нэмж ирнэ. Улаанбаатар хотод хоёрдугаар сарын 2-н гэхэд 600 автобус бүгд Улаанбаатар хотод ирчихсэн байна гэж нийтийн тээврийн газраас мэдээлсэн. Энэ хугацаанд нийтийн парк шинэчлэлийг хийх боломжтой. Хувийн аж ахуйн нэгжүүдэд 105 шинэ автобусыг гэрээ байгуулан, шилжүүлж өглөө. Шинэ автобусыг төсвийн мөнгөөр худалдан авсан учраас нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа компаниуд эргэн төлөлт хийх ёстой. Эргэн төлөлтөөс орж ирсэн мөнгөөр дараагийн парк шинэчлэлийг хийнэ. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд төсвөөс нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийсэн ч компаниуд нь эргэн төлөлт хийдэггүй гажуудал байсан.
Тиймээс энэ гажуудлыг арилгаж, чанар стандартыг сайжруулахын тулд сан байгуулсан. Одоогийн байдлаар хувийн аж ахуйн нэгжүүдээс 380 автобус гэрээгээр худалдаж авах саналаа ирүүлсэн.
Шинэ автобусыг шууд үйлчилгээнд гаргахдаа карт унших төхөөрөмж суурилуулах, гэрчилгээ болон улсын дугаар авах, хүлээн авах комисс бас ажиллаж байгаа учраас хугацаа шаардаж байна. Нийтийн тээврийн үйлчилгээ явуулах зөвшөөрөлтэй 10 орчим компани бий. Хүчин чадал, суурь баазтай байх шалгуурыг тавьж байгаа. Нийтийн тээврийн газрын мэргэжилтнүүд тасралтгүй судалгаа хийж, шаардлагатай арга хэмжээг авч байна. Автобусны буудал дахь маршрутын самбарыг дахин шинэчлэх ажлыг хийсэн. Газрын зургаар үзүүлсэн шинэ маршрут гаргахын тулд мэргэжлийн хүн ажиллах шаардлагатай байгаа. Энгийн инженер хүн маршрут гаргах боломжгүй юм билээ. Төсөв мөнгөний талаарх мэдээлэл алга байна” гэсэн юм.
Хотын дарга Х.Нямбаатар /2023.12.26/ шинэ автобус ирж байгаа талаар мэдээлэл хийсэн. Тэрбээр “Нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт БНХАУ-ын “Yutong Bus” ХХК шалгарсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Yutong Bus” компанитай гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу 2024 оны нэгдүгээр сарын 31-н гэхэд 600 автобус нийлүүлсэн байхаар тусгасан” гэж мэдээлж байв.
Мөн нийтийн тээврийн автобусны тасалбар 1000 төгрөг болно. Иргэд автобусаар зорчихдоо заавал картаа уншуулснаар нэг өдөрт дөрвөн удаа зорчих боломжтой болох юм. Хөнгөлөлттэй зорчдог иргэдийн картыг сард 30 мянган төгрөгөөр цэнэглэнэ. Хүүхэд зорчих тариф 500 төгрөг байх бөгөөд сард 15 мянган төгрөгөөр цэнэглэнэ. Дараагийн цэнэглэлтээс өмнө дуусвал иргэд өөрсдөө төлбөрөө төлнө. Ийм журмын төслийг НИТХ-аар эцэслэн шийднэ гэдгийг албаныхан мэдээлсэн.