АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден сонгуулийн кампанит ажлаа явуулж байхдаа Дональд Трампыг ялагдагч хэмээжээ. Тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөд Каролина мужид байхдаа тэгж хэлсэн аж.
Дональд Трамп Дэлхийн нэгдүгээр дайнд оролцсон ахмад дайчдыг “тэнэгүүд”, “ялагдагчид” гэж хэлсэн хэмээн хэвлэлийн газрууд 2020 онд мэдээлж байсан юм. Байден Өмнөд Каролина мужид явахдаа үүнийг нь дурдаж Трампыг шүүмжилсэн байна.
Байден “Тэр яаж ингэж хэлж зүрхлэв ээ. Чи миний хүү болон бусдын талаар яаж ингэж ярьж чадаж байна аа. Хараач, би тэднийг эх оронч, баатрууд гэж үздэг. Цорын ганц ялагдагч бол Дональд Трамп” гэж уурласан өнгө аястай хэлсэн юм
Тэрбээр нэмж “Үүнийг бодохоор л миний уур хүрдэг. Сэтгэл хөдлөлөө барьж чадаагүйдээ уучлал хүсье. Гэхдээ түүний хэлсэн үг намайг үнэхээр, үнэхээр бачимдуулдаг” хэмээжээ.
Харин Трамп сонгуулийн кампанит ажлын хүрээнд Невада мужид өнгөрсөн бямба гарагт очихдоо Байдены АНУ-ын өмнөд хил дээр баримталж буй бодлогыг шүүмжилж, үндэсний аюулгүй байдлын хувьд гамшигт үзэгдэл гэсэн юм.
Байденыг албан тушаалаа авснаас хойш АНУ-ын өмнөд хилд 6.4 сая цагаач иржээ. Тэднээс 2.4 сая нь АНУ-руу нэвтэрсэн байна. Үүнийг Трамп шүүмжлэхдээ “АНУ-д томоохон террорист халдлага болох магадлал 100 хувь байгаа. Маш олон халдлага болно. Магадгүй сүүлийн гурван жилийн турш өрнөсөн зүйлсээс болж халдлагууд гарах байх” хэмээжээ.
Эх сурвалж: CNN, Yahoo News