Даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах, энэ сарын 23-24-нд шилжих шөнө гарсан ослын улмаас хохирсон иргэдэд даатгал олгогдох эсэх талаар Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Д.Баярсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Даатгалын тухай хуулийг шинэчлэх төслийг бэлтгэсэн, хаврын чуулганаар батлагдах байх гэсэн хүлээлттэй байна.
Хуулийн төсөлд зааснаар даатгалын гэрээний харилцаа, хяналт зохицуулалтад өөрчлөлт оруулна. Төр хариуцах санхүүгийн ачаалал буурна. Даатгалын санхүүгийн хүртээмж нэмэгдэнэ. Даатгалыг хурдан шуурхай олгоход технологийн шийдлийг ашиглахаар тусгасан.
Үндэсний давхар даатгалын компанийг олон нийтийн компани болгохоор ажиллаж байна.
Гамшгийн эрсдэлийн даатгалын тухай хуулийн ажлын хэсэг байгуулагдаж, хуулийн төсөлд өөрчлөлт оруулахаар боловсруулж байна” гэв.
Энэ сарын 23-24-нд шилжих шөнө гарсан ослын даатгалын тухайд “34 машин осолд өртсөн байгаагаас гурав нь тээврийн хэрэгслийн бүрэн даатгалтай байсан. Үүнээс хоёр жижиг машинд тус бүр 15 сая төгрөгийг нөхөн олгосон. Осолдсон Норд бенз загварын машиныг 130 сая төгрөгөөр даатгуулсан байсан, тухайн даатгалын компани нөхөн олгох шийдвэр гаргасан, олгогдоно.
Ослын улмаас галд өртсөн “Edu Apartment” хотхон, Sunny town хоёр хороололд 127 иргэн орон сууцны ипотекийн зээлтэй. Эдгээрээс 72 зээлдэгч амь нас буюу эд хөрөнгийн даатгалтай байна гэсэн мэдээлэл ирсэн. Энэ хөрөнгийн үнэлгээ 10.1 тэрбум орчим төгрөгийн үнэлгээтэй гэсэн мэдээлэлтэй байгаа.
Ослын газар дээр даатгалын компаниуд хохирлын үнэлгээг хийж эхлээгүй байна. Хуулийн байгууллагууд шалгаж, тодруулах үйл ажиллагаа хийгдэж байгаа юм билээ. Үүний дараа даатгалын компаниуд хохирлын үнэлгээг хийнэ. Гэхдээ даатгалын 15 компани тухайн иргэдтэй байнга холбогдож, мэдээлэл цуглуулж байна.
Осолтой холбоотойгоор хөрөнгө, машин, жолоочийн хариуцлагын ипотекийн барьцаа хөрөнгийн зэрэг есөн төрлийн нэхэмжлэх ирэхээр байна.
ОБЕГ-ын алба хаагчдын амь нас, эрүүл мэндийн даатгалд 50 сая төгрөг олгоод байна.
“Дашваанжил” компанийн хувьд тэсэрч дэлбэрэх бодисын тээвэрлэлтийн үеийн хариуцлагын даатгал хийгдээгүй.
Зөвхөн Норд бенз компани тээврийн хэрэгслийг 130 сая төгрөгөөр даатгуулсан байсан” гэв.