Парис-2024 зуны олимпийн нээлт долдугаар сарын 26-нд болно. Олимпийн нээлтийн ёслол Сена мөрнөөр хөвөх завин дээр болох бөгөөд энэ нь төв цэнгэлдэх хүрээлэнгээс гадна наадмыг нээж буй анхны тохиолдол юм.
Тэгвэл аюулгүй байдал болон зохион байгуулалтын бусад асуудалтай холбоотойгоор наадмын нээлтийг үзэх хүний тоог 50 хувиар цөөлснөө Францын засгийн газар Лхагва гаригт зарлалаа. Дотоод хэргийн сайд Жералд Дарманин мэдэгдэл хийхдээ “300 мянган орчим үзэгч нээлтэд оролцоно” гэв. Олимпийн нээлтийг 600 мянган хүн үзнэ гэж Жералд Дарманин 2022 онд хэлж байсан.
“Бид дэлхийн хамгийн шилдэг аюулгүй байдлын хүчинтэй. Бид Олимпоос медаль хүртээд зогсохгүй наадмыг ямар ч асуудалгүй зохион байгуулж чадна гэдгээ харуулна” гэж Дарманин хэлжээ.
Олон зуун завь бүхий задгай парад зохион байгуулахад цугласан олныг хянахад хүндрэлтэй байх нь дамжиггүй. Террорист халдлага ч гарч болзошгүй тул эрх баригчид эмээх нь аргагүй юм. Зохион байгуулагчид болон хотын захирагчийн албаныхан анхандаа нээлтийн ёслолд хоёр сая хүн оролцоно гэж таамаглаж байв. “Болзошгүй аюул байгаа ч гэлээ нээлтийн ёслолын газар Сена мөрөн хэвээр үлдэнэ” гэдгийг нээлтийн уран сайхны удирдагч, найруулагч Томас Жолли хэлжээ.
300 мянган тасалбарын 100 мянга нь голын доод эрэг дэх хэсэгт хамаарах бөгөөд эндээс үзэгдэх орчин хамгийн сайн байна. Харин үлдсэн 200 мянга нь дээд эрэгт чөлөөтэй нэвтрэх тасалбар аж. Гэхдээ 300 мянган хүний тоонд мөрний эрэг дагуу амьдардаг хүмүүс багтаагүй.
Франц улсад сүүлийн жилүүдэд исламын хэт даврагчидтай холбоотойгоор дотоодын хурцадмал байдал үүсэх болсон. Өнгөрсөн аравдугаар сард л гэхэд исламист гэж сэжиглэж буй нэгэн этгээд сургууль руу дайран орж, багшийг хөнөөсөн хэрэг тус улсад гарсан билээ. Энэ явдлаас хойш Франц улс террорист халдлагын эсрэг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн.
Дашрамд дурдахад, Парис-2024 зуны олимп долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд зохион байгуулагдана. Харин түүний дараа наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны хооронд паралимп болно.
Эх сурвалж: JAPAN TODAY