Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой сайн муу хоёр мэдээлэл өчигдрийн онцлох үйл явдал, олон нийтийн хэлэлцүүлгийн гол сэдэв болов.
Муу мэдээ нь гэвэл бүтэн жилийн турш нийгмийн анхаарлын төвд байсан 40 их наядын нүүрсний хулгайн хэрэгт шүүхээс Т.Аюурсайханд гурван жил, Б.Ганхуягт таван жил 9 сарын хорих ялыг оноож, Т.Аюурсайханаас 1.8 тэрбум, Б.Ганхуягаас 9.9 тэрбум төгрөг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэжээ. Нэг ёсондоо, Монголын хууль, шүүхийн “үзэмжээр” өнчин ишиг хулгайлсан ч, өч, төчнөөн их наядыг туусан ч адилхан ялтай бололтой.
Монголын хилээр бүртгэлгүй гарсан 5.2 сая тонн нүүрс хувь хүмүүсийн халаасанд бус улсын төсөвт орж ирсэн бол “Эрдэнэт Тавантолгой” өнгөрсөн хугацаанд энэ хэмжээний ногдол ашиг тараах байв. Даанч улстөр-бизнесийн бүлэглэлийнхэн төмөр замыг нь вагонтой нь, вагоныг нь нүүрстэй нь хулгайлчихсан. “Эрдэнэс Тавантолгой” бол “Эрдэнэт”-ийн адил улс төр-бизнесийн бүлэглэлийн саалийн үнээ болж хувирсан нь худлаа ч юм биш.
Улсын хилээр 5.2 тонн нүүрс бүртгэлгүй гаргах бүлэглэл бол Монголын хамгийн эрх мэдэлтэй, нөлөөтэй хүмүүс байсан нь бас ойлгомжтой. АТГ-аас зарласан 17 хүний нэрс дунд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд гээд нөлөө бүхий эрх мэдэлтэн цөөнгүй байсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анх шүгэл үлээхдээ иргэдээс дэмжлэг хүссэн нь шалтгаан ч энэ биз.
Өнгөрсөн 30 жил байгалийн баялгийн хуваарилалт үнэндээ шог явж ирсэн үү?, ирсэн!. Баялгийн хараалд Монгол идэгдсэн үү?, идэгдсэн!. Ерөөсөө байгалийн баялаг дээр хэн эзэн суух вэ гэсэн улстөрчдийн зодоон Монголын улс төр, эдийн засгийг боомилсон уу?, боомилсон! Үүнийг өнөөдөр л өөрчлөхгүй бол оройтно. Иймээс парламентад суудалтай гурван намын дарга /Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр, Т.Доржханд/ нар Баялгийн сангийн тухай хуулийн төслийг хамтран боловсруулах санамж бичигт гарын үсэг зурав. Өмнө нь Ардчилсан нам нэг хуулийн төсөлтэй, Ардын нам бас нэг төсөлтэй сууж байсан юм.
Баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар байгалийн баялгийн төслүүд эрчимжиж, ашигтай ажиллах тусам иргэн бүхэн хуримтлалын нэрийн дансандаа хадгаламж үүсгэх эрх зүйн орчин бүрдэнэ гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлсэн. Гэхдээ мэдээлсэн гэхээсээ амалсан гэвэл илүү зохилтой. Гэвчиг Л.Оюун-Эрдэнийн “амлалт” Монголын улс төрд анх удаагийнх юм биш. Өмнө нь өчнөөн л сан байгуулдаг, тэр нь голдуу улстөрчдийн “угжны LLC” болж хувирсан жишээ тоймгүй. Үүнээс тэгвэл юугаараа ялгаатай юм бэ гэх асуулт мэдээж тавигдах ёстой. Үүнд АН-ын дарга Л.Гантөмөр хариулахдаа “Үндэсний баялгийн сан нь улс төрөөс хараат байх зарчимд санал нэгдсэн. Баялаг эзэмшиж, ашиглаж байгаа компаниудын хараа хяналт иргэдийн гарт очих ёстой. Олсон мөнгөө ирээдүйдээ хуримтлуулах, хөгжлийн бодлогод зарцуулах, хувьцаагаар дамжуулан ногдол ашгаа авна” гэж байна лээ. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Баялгийн сангийн тухай хуулийн төслийн үндсэн концепци нь хуримтлалын нэгдсэн сангуудаас бүрдэх бөгөөд сангийн хөрөнгийг аривжуулах, хөрөнгө оруулалт татах, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг хэд, хэдэн үндсэн дэд хэсэгтэй байна. Мөн Баялгийн санг иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулах хөтөлбөрт зарцуулах боломжтой байхаар зохицуулсан” гэсэн. ХҮН намын дарга Т.Доржханд болохоор “Баялгийн сангийн асуудлыг шийдсэн тохиолдолд өнөөдрийн 15 тэрбум ам.долларыг 55 тэрбум ам.доллар болгох боломжтой. Эх үүсвэрээ зөвхөн хэрэглэдэг бус хуримтлуулдаг, өсгөдөг, гаднын хөрөнгө оруулалтыг татдаг, дотоодын бизнесийг дэмждэг боломжтой”-г мэдээлсэн. Гэхдээ улстөрчдийн урт сарвуугаас хамгаалах хуулийн зохицуулалт бас хэрэгтэй байх.
Сайн мэдээ нь гэвэл “Эрдэнэс Тавантолгой”-д нүүрлэсэн хулгайн эсрэг онцгой дэглэм тогтоож, тэнд Засгийн газар бүрэн эрхэт төлөөлөгч томилсноор тус компани ямартай ч ногдолд ашиг тараах хэмжээнд ашигтай ажиллажээ.
Энэ талаарх мэдээллийг Ерөнхий сайд олон нийтэд хүргэхдээ “Эрдэнэс Тавантолгой” компани 2022 оны жилийн эцсийн дүнгээр 1.3 их наяд, 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3.2 их наяд, нийт 4,5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүнээс хувьцаа эзэмшигч 3.4 сая иргэнд 1.2 их наяд төгрөгийн ногдол ашгийг хоёр үе шаттай хуваарилах боломж бүрдсэн” болохыг тодотгоно лээ.
Энэхүү мэдээллийн араас “Эрдэнэс Тавантолгой”-н 2022 оны ногдол ашиг иргэдийн данс руу шилжжээ. Дансандаа 1072 ширхэг хувьцаатай иргэн 104 мянган төгрөгийг авна. Үүнээс бага хувьцаатай бол хувьцааных нь тоо, ширхэгийг 108 төгрөгөөр үржүүлсэнтэй тэнцэх мөнгө авна. Засгийн газраас 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын 893,432 иргэнд 1072 хувьцааг шинээр эзэмшүүлэх шийдвэрийг УИХ-ын 2024 оны 10-р тогтоолыг үндэслэн гаргасан. Энэ нь юу вэ гэхээр дөнгөж төрсөн нярай ч “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг авсан гэсэн үг.
Олон нийтийн сүлжээнд зарим хүмүүс шүүмжилж байна лээ, “Ногдол ашиг барихаар эмнэлэг эсвэл цахилгаан станц бариач” гэж. Ногдол ашиг бол төсвөөс өгч байгаа халамж биш. Ногдол ашиг гэдэг нь компани тайлант хугацаанд олсон ашгаасаа хувьцаа эзэмшигчиддээ тараахыг хэлнэ. Харин сонгуулийн өмнө элдвийн халамж амлах юм бол эдийн засаг сүйрнэ, сүйрнэ.
Мэдээж, компани ашгаа тараахын оронд шинэ тоног төхөөрөмж худалдаж авах, үйлдвэрлэлээ өргөтгөх зэргээр дотооддоо ашиглаж болох тул компани жил бүр ногдол ашиг тараахгүй байж болно л доо. Гол нь “Эрдэнэс Тавантолгой” компани нь хулгай, луйврын үүр овоохой болоогүй бол ногдол ашгаа төрд “бэлэглэхэд” буруудахгүй. Атал “Эрдэнэс Тавантолгой” компанийн ашиг орлогыг улс төр-бизнесийн бүлэглэлийнхэн хувааж идэж байснаас иргэдэд ногдол ашиг болгоод тараачихсан нь илүү дээр. Жишээ нь, төмөр замын төслүүдэд зарцуулсан “Эрдэнэс Тавантолгой”-н мөнгө яалаа, Женко яалаа!