Хил дээр хоригдол солилцохоор олзны хүмүүсийг тээвэрлэж явсан Оросын цэргийн Ил-76 онгоц сүйрсэн тухай бид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Өмнөд хэсгийн Белгород хот руу нисч явсан цэргийн онгоц сүйрснээр 74 хүн амь үрэгдсэний 65 нь олзны украин цэрэг байв. Украин цэргүүдээс гадна Оросын багийн зургаан гишүүн, дагалдан яваа өөр гурван албан тушаалтан байсан бөгөөд хэн ч амьд үлдээгүй.
Тэгвэл Орос, Украины талууд Ил-76 онгоцны ослоос хойш анх удаа Лхагва гаригт хоригдол солилцлоо. Энэхүү солилцоогоор талууд тус бүр 195 олзны цэргээ солилцсон гэж Орос мэдэгдэв. Харин Украины ерөнхийлөгч Зеленский 207 цэргээ буцааж авсан гэж мэдэгдлээ.
Гэхдээ сүйрсэн Ил-76 онгоцонд украин цэргүүд байсан гэсэн мэдэгдэлд Киев эргэлзэж байгаа аж. Тэд ОХУ-ын мэдэгдлийг шууд үгүйсгээгүй ч юу ч батлагдаагүй гэжээ. Ил-76 онгоцыг “Patriot” систем ашиглан унагасан гэж Путин мэдэгдсэн. Гэвч ослын дараах цогцосны зургуудыг үзүүлэхгүй байгаа нь сэжигтэй гэж үзэж байна.
Лхагва гаригийн солилцоо нь дайн эхэлснээс хойших 50 дахь солилцоо болжээ. Арабын нэгдсэн Эмират улс солилцооны зуучлагчаар ажилласан бөгөөд аюулгүй байдлын үүднээс үйл ажиллагааг нууцалж байсан гэв.
Эх сурвалж: BBC