“Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулганы хүрээнд “Говийн бүсийн хөгжил, тэргүүлэх чиглэл” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хийж байгаа билээ.
Энэ үеэр говийн бүс нутагт шинээр дөрвөн үйлдвэр барихаар төсөл явж байгааг хуралд оролцогчид онцолсон юм.
Энэ талаар Аж Үйлдвэржилтийн Үндэсний Хорооны Эцсийн Асуудал Хариуцсан дэд дарга Х.Бадамсүрэн “Говийн бүсэд аж үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгалыг эхлүүлэх ажил явж байна. Энэ ажлыг хийхдээ Монгол нутгийнхаа онцлогт тохируулах нь чухал. Тиймээс Аж үйлдвэржилтийн үндэсний хороонд дөрвөн дэд хороо байгуулсан.
Тодруулбал Зэс, ган, нүүрсийг гүн боловсруулах болон жижиг дунд үйлдвэрийн дэд хороог байгуулсан.
“Эрдэнэт” үйлдвэрийг түшиглээд говь нутагт зэсийн баяжмал хайлуулах анхны үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн. Энэ ажлыг хийхэд үйлдвэр технологийн паркийн зарчмаар явна. Эхний ээлжид хашааг нь босгосон. Цаашлаад дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэнэ. Дэд бүтцийг энэ ондоо багтаахаар төлөвлөсөн.
Шинэ үйлдвэрийг барихад “Эрдэнэт”-ээс 140 гаруй тэрбум төгрөгийг өөрийн хөрөнгөөс гаргасан.
Дорноговь аймагт түүхий нефть боловсруулах үйлдвэрийн ажил ид явагдаж байна. Дорнод аймгаас түүхий нефтиэ татах шугам хоолойг суурилуулах чиглэлээр ажил хийгдэж байна. Гэхдээ нефтийн түүхий эдийн асуудал тулгамдсан хэвээр байгааг онцолъё.
Дээр дурдсан дөрвөн үйлдвэрийг барихад боловсон хүчний дутагдалд орох магадлалтай. Тиймээс цаг алдалгүй боловсон хүчнээ бэлдэх нь чухал юм.
Энэ хэлэлцүүлгээс цаашдын тодорхой чиглэл гарах байх гэж найдаж байна” гэж ярилаа.