АН-аас УИХ-ын гишүүнээр сонгогдож, сайдын албан тушаал эрхэлж явсан М.Зоригт Н.Номтойбаярын тэргүүлж буй Ногоон нам-МҮАН нэгдлээс 2024 оны сонгуульд нэр дэвших хувилбар яригдаж байна.
МАН-ын гишүүнчлэлээс 2020 онд хасагдаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаал эрхэлж байхдаа ашиг сонирхлын зөрчил гаргасан гэх шалтгаанаар жил орчим хоригдсон Н.Номтойбаяр 2024 оны сонгуульд Ногоон нам-МҮАН нэгдлийг удирдан өрсөлдөөнд орохоор бэлтгэлээ хангаж эхлээд буй.
Энэ хүрээндээ тэрбээр, МАН дотроос 60 тэрбумын гэж нэрлэгддэг М.Энхболдын фракцийнхан, АН-аас сайд асан М.Зоригт нартай ойр нөхөрлөж, МҮАН-ын дарга М.Энхсайханаар зөвлүүлж байгаа юм.
Тэдний эл нэгдэлд, МАН-ын залуу үе ба Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар нарын дэмжлэгийг авах боломжгүй дүрүүд, тэдэнтэй таарамж муутай бизнесийн хүрээнийхэн өндөр ач холбогдол өгч буй юм. Улмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг нэгдлийг хөшигний ард С.Баярцогттой зэрэгцүүлэн дэмжиж байгаа нь анхаарал татах өнцөг билээ.
Ерөнхийч утгаараа, уг нэгдлээс ихэвчлэн МАН-ын угшилтай дүрүүд МАК-ийн ивээн тэтгэлгээр нэр дэвших чигтэй. Харин үүн дээр АН-ын үндсэн лидерүүдийн нэг, сайд асан М.Зоригт орж ирж буй нь У.Хүрэлсүхтэй дэмжлэгтэй зэрэгцэх сонин нюанс болж буй.
Хэрэвзээ Н.Номтойбаяр Дорнод, Хэнтий, Сүхбаатар тойрогт нэр дэвших бол М.Зоригтын хуучин тойрогтой давхцаж, тэд нэг дор “сонгуульдах”-аар харагдаж байна. Уг бүсчлэлд МАН-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хуучин тойрогт багтаж буйг давхар онцлууштай. Мөнхүү өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр М.Зоригттой зэрэгцэн, хуучин тойрогт нь хөлөө бэлтгэсээр байгаа юм.
Хөшигний ард яригдаж буйгаар М.Зоригт, Н.Номтойбаяр нар сүүлийн саруудад байнга уулзалдаж, Ногоон нам тойрсон голлох улс төрийн шийдвэрүүдийг зөвлөлдөж байгаа аж. М.Зоригт АН-аас нэр дэвших эсвэл Н.Номтойбаярт шадарлаж Ногоон нам-МҮАН нэгдэл рүү хөрвөх улс төрийн шийдвэрээ ирэх саруудад гаргах юм.