Улаанбаатар хотын автозамын I эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр, түргэний машин, галын машин зорчихоор зохицуулахгүй бол тэг зогслоо. Хараахан тэг зогсолт болчихоогүй ч нийслэлчүүд авто зам дээрээ хонох нь холгүй болцгоож байна.
Жишээ татвал, Төв шуудангийн өмнөх авто зам дээр 2 цаг гацсанаа, УБИС-иас Мөнгөнзавьяа хүрэхэд 1 цагийг зарцуулснаа иргэд “жиргэж”, бухимдлаа илэрхийлсээр…
Харин Тээврийн цагдаагийн газраас “Сар шинэ дөхөж байгаа тул тэг зогсолт хийх нь цаг хугацааны асуудал боллоо” гэдэг анхааруулга өгч сэтгэл зүй бэлтгэсээр.
Уг нь Улаанбаатар хотын захирагчаар Э.Бат-Үүл ажиллаж байх үед I эгнээгээр зөвхөн дээрх төрлийн гурван тээврийн хэрэгсэл зорчихоор зохицуулж эхлэхэд автобусаар зорчсон нь хамгийн түрүүнд зорьсон газраа хүрч, ажлаа амжуулдаг байв.
Энэхүү бэлээхэн туршлагыг хэрэгжүүлэхэд юу нь болдоггүй юм. Эсрэгээрээ хүмүүсийн эрэлт дагаж гарсан автобусны чиглэлүүдийг давхцал ихтэйгээс түгжрэл үүсгэж байна гэж үзэн өөрчилсөн нь нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч болж муутгаад буй.
Тухайлбал, “Зүүн салаа-Халдварт”, “Офицеруудын ордон-ХМК”, “Орбит-Ард кино театр” чиглэлүүд байхгүй болсноос баруун чиглэлийнхэн өглөө хотын төв рүү хичээл сургууль, ажилдаа очно, оройд гэр рүүгээ харина гэдэг тэсвэр тэвчээр шалгасан ажил болж хувираад байна.
Эхлээд богино чиглэлийн 1-2 автобусанд дамжин сууж гэлдэрсээр “Монгол хьюндай” автобусны буудлаас “Таван шар-Офицеруудын ордон” чиглэлийн автобусанд суух болоход унаандаа багтахгүй. Төв зам дагуу явж байгаа дээрх чиглэлийн автобус нь Таван шараас л пиг дүүрч буй. Тиймээс баруун чиглэлийнхний дамжлага болж хувираад буй “Таван шар-Офицеруудын ордон” чиглэлийн автобусанд хэн эр бяр чадалтай нь л сууна. Чиглэл оновчгүй, автобус хүрэлцээгүйгээс үүдэлтэй хэл ам хэрүүл тэмцэл өглөө, оройгүй тасрахгүй. Хаа очиж, нийтийн тээврийн жолооч нар тэсвэр тэвчээртэй тулдаа л ажлаа асуудалгүйгээр үргэлжлүүлж байгаа болов уу. Түүнээс зарим тохиолдолд хэлэх хэлэхгүй үгээр чичлүүлж, нохой гахайдаа ч тулах энүүхэнд.
Автобусанд багталцахгүйгээс зорчигч хаалга үүднээс нь зуурч, чирэгдэхээс наахнуур ар өврөөс нь шахаж түлхсэний хүчээр арайхийн багтаж хаалга хаагдана. Хүнээ арайхийн багтаасан жолооч дараагийн буудал дээр зогслоо ч ганц нэг хүн л буухгүй бол зорчигч багтахгүй. Харин буудалд унаа хүлээж зогсоо зорчигчдын хувьд автобус зогсоогүйд бөөн гомдол тээн үлдэнэ.
Орой хичээл, сургууль, ажил тарахад мөн л дээрх хэцүү амьдрал үргэлжилнэ.
Хуучин баруун чиглэлийн автобуснууд хотын төвөөс зүтгэсээр X хороолол орчимд ирэхэд хүн нь суларч, хөл чөлөөтэй тавих зайтай болдог байсан бол одоо дээр дурдсан гурван чиглэлийг зогсоосноос хойш улам л хүндэрсэн. Харин ч Х хорооллоос улам л хүн нь ихсэнэ. Жолооч “Хойшоо яваад өгөөрэй. Битгий амиа бодоод бай. Дүүрэн хүмүүс автобус хүлээж байна, жаахан яваад өг” гэж шавдуулна. Пиг дүүрэн хүнтэй автобусанд хөл ч тавих зайгүй тул зорчигчид “Дараагийн буудал дээр битгий зогс. Бид бараг няцрах нь” гэцгээн учир байдлаа хэлнэ. Зорчигчид ч биендээ “Чи наад цүнхээ урдаа бариач ээ. Холгоод байна”, “Чи хүн дээр мордчих гээд байна, аятайхан яваач ээ” гэцгээн хэлэх хэрэлдэхийн завсар үглэцгээн, өмнөх маршрутаа санагалзацгаана.
Ийн хэл ам, дуу шуутайхан явцгаасаар “Драгон” буудал дээр автобус, автобусаараа бууцгаана. Ханын материал, Зүүн салаа, Баянхошуу, 21-р хороолол, Толгойт, Их наран, Нарангийн гол, Улаанчулуут руу гэртээ харихын тулд ахиад л автобус хүлээнэ.
Хяслантай нь, энэ чиглэлийн автобуснууд ирэхгүй. Тоо нь цөөн явдаг уу, эсвэл түгжрээнд ордог уу бүү мэд. Гэхдээ нэг зүйл тодорхой байгаа нь “Зүүн салаа-Халдварт”, “Офицеруудын ордон-ХМК”, “Орбит-Ард кино театр” чиглэлүүдийг байхгүй болгосон нь хотын төв рүү ажил, сургуультай хэсгийнхнийг явгалаад зогсохгүй илүү урт цагийг нийтийн тээвэр хүлээхэд зарцуулдаг болгоод буй.
Хүлээсэн автобус ирж багтахад өнөөх нь мөсөн хонгио. Захын гэр хороолол руу хуучин автобуснуудаа явуулдаг болгож өөрчилсний дээр богино эргэлттэйгээс болж байгаа юу халаагүйгээс зорчигчид даарч бээрэн дэглүүлсээр л байна. Цонх нь битүү цантай. Жолооч яаж тэвчиж тэр олон цаг хөв хүйтэй автобус барьж явдаг юм, үнэхээр тэвчээртэй.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын хэлснээр бол урд хөршөөс худалдан авсан 600 автобус бүгдээрээ ороод ирсэн. Гэтэл гэр хороолол руу үйлчилж буй автобус нь хуучин, зорчигчдоо хөлдөөх шахсаар…
Нийслэлийн хэмжээнд өдөр тутамд нийтийн тээвэрт 1000 гаруй автобус үйлчилгээнд гаргах шаардлагатай байдаг. Эдгээрийг бүгдийг шинэчлэн парк шинэчлэлт хийхээ Улаанбаатар хотын захирагч мэдэгдсэн ч гэр хороололд амьдардаг иргэдийн автобус хэзээ шинэчлэгдэж, дулаахан автобусаар зорчдог болох нь тодорхойгүй байна.
Учир нь зарим автобус компаниуд өмнө авсан автобусныхаа төлбөрийг төлөөгүйгээс шинээр оруулж ирсэн автобус авах эрхгүй болчихоод буй.
Уг нь автобуснуудаа шинэчилж гялайлгадаггүй юм аа гэхэд I эгнээгээ нийтийн тээвэрт чөлөөлж өгөөд, чөлөөтэй зорчих боломжоор нь хангаад, эрэлт хэрэгцээтэй байгаа чиглэлээ сэргээчихвэл тээврийн хэрэгслүүдийг улсын дугаарынх нь сүүлийн оронгоор явах, явахгүйг нь шийдэж цагдах ч шаардлага алга.
Торгуулиа төлөөгүй жолооч нарыг хөдөлгөөнд оролцуулахгүй гэх мэдэгдэл өнөөдөр биеллээ олоогүй л байна. Уг нь энэ мэт зүйлийг зохицуулчихвал жижиг тэрэгнүүдэд эзлэгдээд байгаа I эгнээ ч чөлөөтэй болж, автобусаар зорчсон нь зорьсон газраа цаг алдалгүй хүрдэг болох бололцоо байгаа л юм даа.