АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн жилийн аравдугаар сард Украин руу 60 тэрбум ам.долларын тусламж илгээх хуулийн төслийг санаачилж, Конгресст өргөн барьсан. Гэвч Конгресс дахь зарим Бүгд найрамдах намын гишүүд тус төсөлтэй хамт АНУ-ын өмнөд хилийн аюулгүй байдлыг сайжруулах төсвийг тусгаж өгснөөс нааш дэмжихгүй гэсэн байр суурьтай байсан юм.
Тэгвэл Конгрессын Сенатын танхим дахь Бүгд найрамдах болон Ардчилсан намын гишүүд тохиролцоонд хүрч Украин, Израил руу илгээх тусламж болон өмнөд хилийн аюулгүй байдлыг сайжруулах төсвийг баталсан 118 тэрбум ам.долларын хуулийн төслийг танилцуулжээ.
Үүнд Украинд 60 тэрбум, Израилд 14.1 тэрбум, хилийн аюулгүй байдалд 20 тэрбум, АНУ-ын Төв командлал болон Улаан тэнгис дэх мөргөлдөөнд 2.44 тэрбум, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын түншүүдэд зориулж 4.83 тэрбум ам.доллар багтана.
Хуулийн төсөл танилцуулсны дараа Жо Байден “Бид сүүлийн хэдэн арван жилд байгаагүй хамгийн хатуу, шударга шинэчлэлийг багтаасан үндэсний аюулгүй байдлын тохиролцоонд хүрлээ. Би энэ төслийг хүчтэй дэмжиж байна” гэжээ.
Мөн тэрбээр Конгрессын төлөөлөгчдийн танхим дахь Бүгд найрамдах намын гишүүдийг дэмжихийг уриалсан байна.
Эх сурвалж: Reuters