Украинаас хөдөө аж ахуйн чанар муутай бүтээгдэхүүн импортолдог асуудлыг шийдвэрлэнэ гэж Польшийн Хөдөө аж ахуйн яам мэдэгдлээ. Польшийн Хөдөө аж ахуйн сайд Чеслав Сиекиерски өнгөрсөн амралтын өдрүүдэд Медыка, Корчжова гарамуудад шалгалт хийснийхээ дараа ийн мэдэгджээ. Тэрбээр хилийн хяналтыг чангатгана гэж амлав.
“Европын холбооны шаардлагыг хангаагүй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Украинаас их хэмжээгээр импортлох нь Польшийн хөдөө аж ахуйн өрсөлдөх чадварт заналхийлж байна” гэж Чеслав Сиекиерски хэлжээ.
Хөдөө аж ахуйн дэд сайд Михал Колодзейчак мөн Украинтай хиллэдэг хэд хэдэн шалган нэвтрүүлэх цэгт шалгалт хийсэн байна. Шалгалтын дараа рапс, элсэн чихэр зэрэг хэд хэдэн бүтээгдэхүүний чанарт эргэлзэж буйгаа тэр онцолжээ. Барааг сайтар шалгаж, шаардлагатай бол Украин руу буцаах хэрэгтэй гэж тэр үзэж байна. Мөн тэрбээр шалган нэвтрүүлэх цэгээс олдсон хөгцтэй хөлдүү бөөрөлзгөнийн зургийг цахим сүлжээндээ байршуулжээ.
Польшийн тариачид 2023 оны хавраас хойш эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсаар байна. Украины дайны хүчин чармайлтад туслах зорилгоор барааг нь хямд үнээр импортолж байгааг тэд эсэргүүцэж байна. Импортын хямд бүтээгдэхүүн нь дотоодын бизнес эрхлэгчдэд хохирол учруулах болжээ. Тариаланчинд нэгдүгээр сарын 24-нд эсэргүүцлийн жагсаал зарлаж, улмаар хоёрдугаар сарын 1-нд ажил хаясан. Тэд Польшийн Украинтай хиллэдэг бүх боомтыг хаахыг шаардаж байна.
Польшийн эрх баригчид энэ асуудлаар Украинтай хоёр талын хэлэлцээ хийж байгаа аж.
Эх сурвалж: KYIV INDEPENDENT