Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2024.02.05/ болж, өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд Дүнжингаравын уулзварт гарсан ослоос үүдэлтэйгээр галд өртсөн барилгуудад хийсэн шалгалтын дүнг танилцууллаа.
Барилга хот байгуулалтын яамны ерөнхий байцаагчийн удирдамжтай ажлын хэсэг гарч, нийт таван барилгад найман төрлийн шалгалт хийжээ.
Барилгын төлөвлөлт, орц, гарц, барилга хоорондын зай, зохион байгуулалт, барилгын үндсэн хийц бат бөх төлөв байдал, хийцлэл, цахилгаан, дулаан, усан хангамжийн гэмтэл, барилга ашигласан материал, мэргэжлийн байгууллагын туршилт, сорил шинжилгээ гэсэн чиглэлээр энэхүү шалгалт хийгдсэн байна.
Тухайлбал, 207 дугаар байр нэгдүгээр давхартаа гурван айл, 2-5 дугаар давхартаа 20 айл, 6-12 дугаар давхартаа 35 айл, нийт 58 айл төлөвлөгдсөн. Техникийн давхартаа 2018 оноос нэмэлтээр 4 айл төлөвлөгдөөд явж байгаа. Зураг төсөлгүй, үндсэн барилгын хийцлэлээс өөр материалаар хийгдсэн.
Сургууль, цэцэрлэгийн барилгыг барилгатай хүзүүвчээр холбосон. Голд нь байрлаж байгаа барилгын хоолны заал, хүзүүвчний өндрийг тогтоосон.
207, 208 дугаар байшин, 2015 оны зургаар 2017 онд комисст орсон боловч, хоёр өөр газар дээр баригдсан хэрнээ нэг комиссын дүгнэлтээр гарсан байдаг.
830 дугаар байр 2015, 2016 онд баригдаж ашиглалтад орсон.
207 дугаар байрны хойд хэсэг, зүүн хойд талыг дулаалсан хөөсөнцөр пасад галд өртсөн, техникийн давхрын зүүн талын өргөтгөл бүрэн шатсан.
830 дугаар барилгын гадна талын гоёлын баганыг ёмкось мөргөж гэмтээсэн.
Усан хангамж, дулаан хангамж сүлжээний шугам бүрэн гэмтсэн. Амгалан дулааны станцаас ирж байгаа шугам гэмтэлгүй.
830 дугаар барилгын хувьд хоёр болон гуравдугаар орцын 1-6 давхрын айлуудын цонх хагарсан. Бүрэн шиллээд дуусан. Долоон давхраас дээших айлын цонхны шилийг сольж байгаа.
Гадна пасадын хувьд галд өртдөг хөөсөнцөрөөр хийсэн. Чулуун хавтан пасад шатаагүй үлдсэн, бусад хэсэг бүрэн шатсан. Цахилгаан хангамжийн хувьд техникийн давхрын цахилгааны самбар, кабел бүрэн шатсан.
Хохирлын хэмжээ, сэргээн засварлахад шаардагдах төсөвт өртгийг тооцоолох ажлыг ирэх гуравдугаар сарын 1-н гэхэд Барилгын хөгжлийн төвөөс гаргах ёстой аж. Мөн дээж сорьцын дүгнэлт гарсны дараагаар гуравдугаар сарын 15-н гэхэд нэгдсэн дүгнэлт тооцоо гарах юм байна.