Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Энэ талаар цаг уурч Д.Амарцэцэг мэдээлэхдээ “Нутгийнхаа зүүн талд хүйтэн хадгалагдаж, өдөртөө хүйтний эрч бага зэрэг буурна. Хоёрдугаар сарын 9-нд уулархаг нутгуудаар, 10-нд говийн бүс нутгаар цас орно. Одоогоор шинийн 1-ний өдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх бол шинийн 2-ны өдрөөс цаг агаар тогтворгүй болж, цас орж шуурна” гэсэн юм.
2024 оны хоёрдугаар сарын 7-ноос 2024 оны хоёрдугаар сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хоёрдугаар сарын 8-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 9-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 10-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9-нд Алтайн уулархаг нутаг болон Арц-Богдын өвөр хоолойгоор, 10-нд говь, талын нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -23…-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -15…-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11…-16 градус, өдөртөө -2…-7 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -7…-12 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн байна.