Манай улсад АИ-92 автобензин Евро-2 /2390₮/ болон Евро-5 /2940₮/ гэсэн хоёр ангилалтай худалдаалагддаг бөгөөд шатахууны нөөц, нийлүүлэлт хэвийн байна.
Тэгвэл дээрх хоёр стандартын автобензинийн үнийн зөрүүг багасгаж, иргэдийг чанартай, хямд үнэтэй шатахуунаар хангахыг зорьж ажилласны дүнд Шунхлай компани Евро-5 ангиллын АИ-92 бензиний үнийг 400 төгрөгөөр бууруулж 2540 төгрөгөөр борлуулж эхэлсэн гэх мэдээлэл цацагдсан.
Энэ талаар АМГТГ-аас тодруулахад, “Евро-5 ангиллын АИ-92 автобензиний үнэ 400 төгрөгөөр буурсан нь үнэн. Энэ шатахууныг манай улсад “Шунхлай” компани ганцхан оруулж ирдэг. Бусад төрлийн шатахуунтай харьцуулбал чанарын хувьд илүү байдаг. Одоогоор БНХАУ-аас татан авалт хийдэг” гэлээ.
Харин УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, “Цаашид бусад ААН-үүдийн борлуулж буй энэ төрлийн шатахууны үнийг бууруулах боломжийн талаар судалж байна. Дизель түлшний тухайд, нөөц, нийлүүлэлт хэвийн, үнэ дэлхийн зах зээл дээрх ханшийн хэлбэлзлийг дагаад буурч байна. Тухайлбал, уул уурхайд өргөн хэрэглэгддэг Евро-5 ангиллын дизель түлш литр тутамдаа 1200 төгрөгөөр буураад байна” гэсэн юм.