Өмнөд Солонгосын улс төрийн салбарт нэгэн хачирхалтай сэдвээр сенсац үүсжээ. Тодруулбал БНСУ-ын тэргүүн хатагтай Ким Кеон Хи 2,200 ам.долларын үнэтэй “Dior” брэндийн цүнхийг бэлгээр хүлээн авсан гэж шүүмжлэгчид буруутгаад байгаа юм.
Тус улсын авлигын эсрэг хуульд төрийн албан хаагчид болон тэдний эхнэр, нөхрүүдийг ажил үүрэгтэй нь холбоотой байдлаар 750 ам.доллароор илүү дүнтэй бэлэг авахыг хориглодог.
Асуудал өнгөрсөн арван нэгдүгээр сард Чой Жэ Ёон нэртэй пастор Ким Кеон Хид “Christian Dior” брэндийн цүнх өгснөө нууц камераар бичсэн дүрс бичлэгийг “Voice of Seoul” нэртэй суваг “Youtube” дээр нийтэлснээр эхэлсэн. Тус явдал 2022 онд болжээ.
Бичлэгээс харахад бэлэг гаргаж ирэх үед Ким Кеон Хи Чой Жэ Ёонд хандаж “Яагаад ийм зүйл дандаа авчирч ирээд байгаа юм бэ? Гуйя, ингэх шаардлага байхгүй” гэж хэлсэн юм.
Дүрс дээр Ким Кеон Хи цүнхийг авч байгаа нь бичигдээгүй ч ширээ дээр цүнх байгаа нь гарчээ. Тэрбээр цүнхийг авахаас илт татгалзаж байгаа нь бичигдээгүй учир шүүмжлэгчид түүнийг өөрийнхөө эрх мэдлийг хувийн ашиг сонирхолдоо ашиглаж байна гэж шүүмжилсэн байна.
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2024.02.07/ БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл тус хэргийг дөрөвдүгээр сард болох сонгууль нөлөөлөх гэсэн улс төрийн зорилготой зүйл хэмээжээ.
Тэрбээр “KBS” телевизтэй ярилцлага өгөхдөө “Жилийн өмнө авсан нууц бичлэгээ задалсан, харваас улс төрийн зорилготой шоу” гэж хэлсэн юм.
Эх сурвалж: CNN