Ингэснээр, БНСВУ руу Монгол Улсын иргэд тус улсад 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нар 2023 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийж байв. Албан ёсны хэлэлцээ найрсаг, халуун дотно уур амьсгалд болж, талууд Монгол, Вьетнамын харилцаа, түүний дотор улс төр, батлан хамгаалах, зам тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн талбар дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцсон байдаг. БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг 2024 онд тохиох Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсад төрийн айлчлал хийхийг урьсанд талархал илэрхийлсэн юм
Талууд Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, соёл, урлагийн зэрэг арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохирч, ойн хүрээнд хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдэж байгаагаа илэрхийлж байв.
Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Монгол, Вьетнамын хооронд агаарын харилцааг өргөжүүлэх, шууд нислэг үйлдэх замаар зорчигч, ачаа тээврийг хослуулан хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж иргэдийн солилцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байдаг.