Жүжигчин А.Өнөржаргал “Дуулим тал” төсөл санаачлан зудад нэрвэгдсэн малчдад тусалж яваа юм. Түүнтэй холбогдож, малчдын нөхцөл байдлын талаар тодрууллаа.
-Сайн явж байна уу. Төслийнхөө талаар танилцуулахгүй юу. Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй явж байна вэ?
-Манай нутгийн залуус нэгдээд “Дуулим тал” төслийг санаачилсан. Энэ төслийн хүрээнд Дарьганга нутгийн үүх түүх, соёл, малчны ахуй амьдралыг сурталчилж, ном хэвлүүлж, баримтат кино болгох зорилготой ажиллаж байгаа юм. Нийт зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр нэг машинтай явж байна. Бид “хөдөөгүүр зудтай байна” гэдгийг сонсоод цагаан сарын баярын өмнө явах гээд амжаагүй. Тэгээд шинийн дөрвөнд хөдөөг зориход бидний бодсоноос нөхцөл байдал маш хүнд байсан. Бид өчигдөр гараад 45 км явахад долоохон айлаар орж, буцаад Дарьганга сум дээр ирэхэд хоёр өдөр болж байна.
Цаашаагаа маш хүнд нөхцөл байдалтай айлууд руу явах гэхээр цас их байна. Хотоос ирж байгаа өвс тэжээл нь аймгийн төв дээр ирээд боогдчихсон, урд сумдууд руугаа зам хаачихсан байдалтай байна.
-Хотоос гарснаас хойш долоон айлд тусламж хүргэсэн гэсэн үг үү?
-Бид хотоос гарснаас хойш нийт 10 айлд тусламж хүргээд байна. Ерөнхийдөө Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга, Асгат, Эрдэнэцагаан гээд 200 гаруй малчин өрх бий. Манай төслийнхөн ганц машинтай явж байгаа болохоор ирснээсээ хойш 10 айл руу зүтгэлээ. Маргаашаас дахин айлууд руу зүтгэнэ. Бид одоогоор хоол хүнс нь тасарсан айлууд руу очиж чадаагүй байна. Зарим айл нь түлшгүй болж, хашаагаа түлж байна гэдгийг хэлж байгаа.
-Малчдын нөхцөл байдал ямар байна. Зам харгуй цасанд боогдож, долоо найман цаг цас ухсан гэж байсан?
-Бид хэдийгээр нутгийн хүнээр газарчлуулж байгаа ч ямар ч замгүй, далайд явж байгаа юм шиг л их цасан дунд явна. Зуданд яагаад ийм их мал хоргодов гээд малчидтай уулзахаар өнгөрсөн арваннэгдүгээр сард өвс тэжээлээ татахаар төлөвлөж байтал орон нутагт дизель түлш тасалдсан. Тэрнээс болоод хадлан тарианы ажил зогсчихсон байж байтал гэнэт их цас орж, тэрнээсээ хойш нэмж цас орсоор байгаад зуд болж байна. Тэрийг хотынхон ойлгохгүй байна. Газар дээр нь очиход арай өөр шалтгааныг хэлж байна.
Энд 1000 малтай малчин хүртэл өвч, тэжээлээ татаж чадаагүй 70, 80-хан малтай үлдээд байна.
Бүх сумдад дизель түлш олдохгүй, зудад нэрвэгдээд байна. Зарим айл нь өвс тэжээлээ татаж авчихаад, сумаасаа авч чадахгүй байх жишээтэй. Энэ жил Сүхбаатарт шуураагүй өдөр цөөн. Тэрийг зөв талаас нь ойлгож, тусалж дэмжээсэй. Малчид өнөөдөр арчаагүйдээ зудад хамаг малаа алдаагүй шүү. Цаг үеийн байдал нь тэгж таарч байна. Бид оператор, зураглаачтайгаа явж, баримтжуулж байгаа. Зарим малчид маань хэцүү байгаа ч 30 гаруй малаа 900 хүргэж үзлээ. Одоо дахиад зүтгээд малаа өсгөнө дөө гэж өөдрөгөөр хэлж байна.
-Малчин айлуудад ямар тусламжийг үзүүлж байна вэ?
-Өвс тэжээл хүргэхээс гадна эмч шаардлагатай айлд эмчийг нь хүргэж өгч байна. Замд таарсан айлууд руу орж тусалж байгаа. Малчдын бэлдсэн хоол хүнсийг нь хүргэж байна. Бидний очсон нэг малчин айл хүн хүчгүйгээс өвөлжөөндөө бууж чадаагүй байх жишээтэй. Эхнэр нь төрөх гээд явчихсан, гэрийн эзэн нь ганцаараа хүн хүчгүй байж байсан.
-Таны хувьд Сүхбаатар аймагт төрж өссөн шүү дээ. Нутагтаа малаа маллаж байгаа ах дүүстэйгээ холбогдож чадсан уу?
-Тийм ээ. Би Сүхбаатар аймгийн Онгон суманд төрж, өссөн. Намайг хүүхэд байхад зуд боллоо гэдэг байсан. Энэ жил Сүхбаатарт маш хүнд зуд болж байна. Манай хамаатан садан ч Онгон сумандаа амьдарч байгаа. Машин унаагаараа хүнс тэжээлийг нь хүргэж өгөх зорилготой явсан юм. Одоо олон хандив цугласан байна. Тэрийг нь хэрэгцээтэй малчны хотонд хүргэх нь чухал байна. Бидний машин бол “Дарьганга” зочид буудлын машин. Орон нутгийн төгсөгчид мөнгө хандивлаж, бинзен тосоо хийгээд явж байна. Миний хувьд хөдөө өссөн учраас малчдыг сайн ойлгодог. Тиймээс монголчуудаа малчдадаа туслахыг уриалж байна.