Сүүлийн сар хагас орчмын тойм мэдээллийг хүргэхэд Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудын гамшиг, ослын хор уршгийг арилгахад дэмжлэг үзүүлэх бүлэг, томилгоот бүрэлдэхүүн 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Төв, Булган, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Ховд, Увс, Баян-Өлгий нийт 14 аймгийн нутаг дэвсгэрт ажиллалаа.
Энэ хүрээнд Зэвсэгт хүчний 014, 016, 119, 120, 123, 186, 256, 325, 326, 327, 336, 339, 340, 342, 350 буюу нийт 15 нэгтгэл, ангийн 84 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг, туулах чадвартай 32 нэгж техниктэйгээр малчин айл өрхүүдэд малын тэжээл хүргэх, зам гаргах ажилд үүрэг гүйцэтгэлээ. Тухайлбал, 1056 малчин өрхөд 468 тн өвс, 246 тн тэжээл, 50 тн нүүрс, 6 тн сайжруулсан түлш хүргэжээ. Мөн 220 айлыг нүүлгэж, 12,551 км зам, давааг нээн хээр хөдөө төөрсөн иргэд, цасанд боогдсон тээвэрчдийг эрэн хайх, татан гаргах зэргээр дэмжэг үзүүлсээр байна.