Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/-аас 15-29 насны 10,000 залууг бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх Р-MBA сургалтад үнэ төлбөргүй суралцуулах талаар мэдээлэл өглөө.
МҮХАҮТ-аас уг сургалтаас шалгарсан 1,000 залууг олон улсын бизнес аялал, сургалтад хамруулж түүнээсээ 100-200 залууг сонгон гарааны бизнест нь туслалцаа үзүүлэх юм байна.
“Баялгийн хуваарилалт тэгш бус байгаагаас хүмүүсийн бизнес эрхлэх итгэл буурч байна”
Гурван жил тутамд хийгддэг “Бизнес орчны судалгаа”-нд:
Хүмүүсийн бизнес хийх итгэл найман хувиар буурсан буюу шинэ бизнес эхлүүлж, улсдаа хөрөнгө оруулахаас айж байна гэсэн дүгнэлт гарчээ.
Энэ нь бизнест төрийн оролцоо ихээр нэмэгдэж байгаатай холбоотой гэж дүгнэсэн байна.
Улсын томоохон бүтээн байгуулалтыг томоохон компаниуд авч хэрэгжүүлж байгаа нь баялгийн хуваарилалт нь тэгш бус тархахад хүргэж байна. Том компаниуд нийт хөрөнгөө оруулалтынхаа 90 хувийг өөртөө шингээгээд зөвхөн 10 хувь нь бичил, дунд, жижиг бизнесүүд рүү хуваарилагдаж байна.
Гэр хороололд амьдарч буй залуусын хөдөлмөр эрхлэлтийн талаарх судалгаагаар:
15-29 насны залуусын 52.8% нь ажилгүй, 20.7% нь сурдаггүй, ажилладаггүй байгаа нь 140,000 орчим залуус өөрсдийгөө зоригжуулах, дээд боловсрол, карьераа хөөхөд бэрхшээлтэй тулгарч байгааг харуулж байна.
Энэ нь тэдний нийгэм, эдийн засгийн байдалтай шууд холбоотой бөгөөд нийгмийн халамж нь наад захын амьдралд нь хүрэлцэхгүй байгаа боловч амьжиргаагаа дээшлүүлэх боломж байхгүй.
Иймээс гэр хороололд амьдарч буй залуучууд дотооддоо эдгээр бэрхшээлтэй тулгараад байгаа тул тэдэнд өөр боломж байхгүй гэж өөрсдийгөө кодолж эхэлдэг” гэжээ.
Иймд МҮХАҮТ-аас иргэдийг бизнес эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор уг төслийг эхлүүлж байгаа бөгөөд төсөл жил бүр зохиогдох юм байна.
“Халамжаас бизнес” гэсэн уриатай уг сургалт нь насны шаардлагыг л хангаж байвал өөр шалгуур тавихгүй бөгөөд бизнес эрхлэх сонирхолтой залуучуудад нээлттэй аж. Сургалт 24/7 хаанаас ч сурч болохоор буюу цахимаар явагдах бөгөөд бодит амьдралд нийцсэн ойлгомжтой, 11 модуль сургалтын хөтөлбөрийн хүрээнд явагдах юм байна.
Бүртгэлийг 2024 оны гуравдугаар сарын 1-нээс цахим болон бусад сувгаар авах аж.
Уг сургалт нь гадаад явж ажиллах уу, бизнес хийх үү гэсэн эргэлзээ дунд байгаа ажиллах урам зориггүй болсон залуучуудыг сэдэлжүүлэх мэдлэг олгох зорилготой гэдгийг МҮХАҮТ-аас онцолж байв.