ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн эхнэр Юлия Навалнаяа нөхрийнхөө үйл хэргийг үргэлжлүүлнэ гэдгээ амласан. 47 настай Навалнаяа 1998 онд Навальныйтай танилцаж, хоёр жилийн дараа гэрлэж байв. Тэд хоёр хүүхэдтэй. Тэрбээр Даваа гаригт мэдэгдэл хийхдээ “Путин зөвхөн хүн алаагүй. Тэр Навальныйтай хамт бидний итгэл найдвар, эрх чөлөө, ирээдүйг үгүй хийхийг хүссэн” гэжээ.
Гэтэл энэхүү мэдэгдлийн дараа Мягмар гаригт Навалнаяагийн “Х” хаяг түр идэвхгүй болоод эргэн сэргэсэн байна. Цахим платформын зүгээс түр зуурын алдаа гарсан гэсэн тайлбар өгчээ. “Манай платформын залилан мэхлэх, спамаас хамгаалах механизм Юлия Навалнаяаг дүрэм зөрчсөн гэж андуурч тэмдэглэсэн байна. Алдааг илрүүлсэн даруйдаа бид хаягийг эргэн сэргээсэн. Хамгаалалтыг нь сэргээхээр ажиллаж байна” гэж “Х”-ийн аюулгүй байдлын багийнхан тайлбарлав.
Түүний хаяг 90 мянган дагагчтай байсан. Харин түр идэвхгүй болсны дараа дагагчийн тоо хоёр дахин өсчээ.
Навальныйн ээж Людмила Навалнаяа хүүгийнхээ цогцсыг одоо болтол хараагүй байгаагаа Мягмар гаригт мэдэгдсэн. Тэрбээр “Владимир Путин, би танаас гуйя. Хүүгээ харахыг минь зөвшөөрнө үү. Би тав дахь өдрөө түүнийг харахаа хүлээж байна. Цогцсыг нь надад өгсөнгүй, хаа байгааг нь ч хэлсэнгүй. Алексейн цогцсыг аль болох хурдан бидэнд өгөхийг шаардаж байна. Тэгж байж бид түүнийг хүн ёсоор оршуулна” гэжээ.
Дашрамд дурдахад, Навальныйн үхлийн дараа АНУ-аас Оросын эсрэг томоохон хориг арга хэмжээ авахаа зарлав.
Эх сурвалж: YAHOO NEWS