Яам, хүчний байгууллагуудын дэргэд спортын хороо, дуу бүжгийн чуулгууд байх шаардлагатай юу?
Соёлын яам, спортын асуудал хариуцсан газар байсаар байхад манайд байгууллагууд дэргэдээ чуулгатай, хүчний байгууллагууд нь спорт хороотой явж ирсэн.
Тэгвэл энэ зөв тогтолцоо юу, үнэхээр байх шаардлагатай юу?
Өнөөдрийн байдлаарх яам, Засгийн газрын харьяа агентлагуудын дэргэдэх спорт хороо, дуу бүжгийн чуулгуудыг түүж харлаа. Ийнхүү харвал дөрвөн дуу бүжгийн чуулга, таван спортын хороо байна.
ЯАМ, АГЕНТЛАГ, ГАЗАР | ЧУУЛГА | СПОРТ ХОРОО |
Батлан хамгаалах яам | Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга | “Алдар” спорт хороо |
Цагдаагийн ерөнхий газар | “Сүлд” чуулга | “Хүч” спорт хороо |
Хил хамгаалах ерөнхий газар | Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулга | “Хилчин” спорт хороо |
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар | “Соёмбо” чуулга | “Сүлд” биеийн тамир спортын хороо |
Онцгой байдлын ерөнхий газар | – | “Аврагч” биеийн тамир, спортын хороо |
Зэвсэгт хvчний жанжин штаб | Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим |
Байгууллагуудын дэргэдэх спортын хороод анх байгуулагдахдаа тухайн газрын үндсэн ажилчид бэлтгэл сургуулилалт хийх зориулалттай байв. Гэхдээ энэ байдал өөрчлөгдөж үндсэн ажилчдаас гадна тамирчид харьяалагдаж, орон тоонд нь багтах болсон.
Гэсэн мөртлөө дээр хүснэгтэд үзүүлсэнчлэн спорт хороо, чуулгууд нь харьяа байгууллагуудынхаа үндсэн чиг үүрэгт хамаардаггүй.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны дөрөвдүгээр сарын 26-ны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр энэ асуудал нэг удаа хөндөгдөж байв.
Тодруулбал Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Ганбат “Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулга, Сүлд чуулгын харьяалал Соёлын яамд очно. Спорт хороодын хувьд чиг үүргийн хүрээн дэх бэлтгэл сургуулалт нь үлдэж, тамирчид нь Биеийн тамир, спортын үндэсний хороо руу шилжих нэгтгэл, зохион байгуулалтын арга хэмжээ авна.
Цагдаагийн Ерөнхий газар, Батлан хамгаалах яамны дэргэдэх спортын хороодын анх тусгай хүчний байгууллагуудын бэлтгэл хийх зориулалттай байгуулагдсан байсан. Үндсэн ажилтан нь биш бол бусад тамирчид бэлтгэл хийх нь буруу. Үндсэн орон тоон дээр нь тамирчид орж ажиллаад байдаг. Тэр тамирчид цагдаагийн харуул хамгаалалтад гардаг уу үгүй юу гэдэг бас асуудал.
Мөн Соёлын яам гэж байгуулчхаад эдгээр байгууллагуудын дэргэд чуулга байлгах нь зөв үү, буруу юу гэх асуудлыг тавьж байна. Нэгтгэн зохион байгуулах асуудлыг 2023 оны төсөв дээр авч үзэж, шийднэ” гэж хэлсэн.
Ийм байх нь ямар асуудал үүсгэж байна вэ гэвэл тухайн байгууллагын чиг үүрэгт хамаарахгүй нэг том бүтэц орон тоо үүсгэж, цалин хангамж авч байна. Гэвч тухайлбал спорт хорооны тамирчид харуулд гарч, үүрэг хүлээдэггүй нь шударга бус юм.
Зүй нь чуулга Соёлын яаманд, спорт хороо нь Биеийн тамир, спортын үндэсний хороондоо хамаарч, харин ажилчид нь сургуулилалтаа хийх нь зарчмын хувьд зөв юм. Тиймээс цаашид үүнийг цэгцлэх цаг болжээ.
ВИДЕО: