Монгол хэлний тухай хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр төрийн албан хэргийг монгол ба кирилл хос бичгээр хөтөлж эхэлнэ. Ердөө жил хүрэхгүй хугацаанд монголчууд шинэ хуучин хоёр бичгээ аль алийг нь хэрэглэж чаддаг хос бичигтэн болоход бэлэн үү? гэх асуулт иргэдийн дунд хөвөрч буй. Уг асуултад холбогдох нийслэл, орон нутгийн холбогдох хүмүүс харилцан адилгүй хариултыг бидэнд өглөө.
-Одоогийн байдлаар 50 орчим байгууллага монгол бичгээр цахим хуудсаа хөтлөн явуулж байна–
Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Н.Нарангэрэл
–Монгол хэлний тухай хуулийн дагуу манай улс 2025 оноос хос бичигтэн болно. Жил хүрэхгүй хугацаа үлдээд байна. Бэлтгэл ажил хэдэн хувьтай явж байна вэ?
-2024 оныг хүртэл албан хаагчдад сургалт явуулах тусгай хөтөлбөр боловсруулж, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-3” хөтөлбөрийг Засгийн газраар батлуулсан. БШУЯ-наас голлох үүрэгтэй ажиллаж байгаа. Сая есдүгээр сарын 1-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авч, зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, тодорхой асуудлыг шийдвэрлэсэн. Төрийн албан хаагчдын 50 гаруй хувь нь монгол бичгийн сургалтад хамрагдсан. Одоогийн байдлаар 50 орчим байгууллага монгол бичгээр цахим хуудсаа хөтлөн явуулж байна.
–Албан бичгээ л хос бичгээр хөтлөх юм уу. Бүгд хос бичгийн чадвартай болохыг хэлээд байна уу?
-Иргэд 2025 оноос үндэсний бичигт шилжинэ гэхээр бүх нийтээрээ 100 хувь монгол бичгээр бичнэ гэж ойлгодог. Гэтэл төрийн байгууллагын албан бичгийг монгол бичиг, кириллээр хослуулж хөтөлнө.
–Төрийн албан хаагчдаас монгол хэл, бичгийн шалгалт авахад тал хувь нь хангалттай үнэлгээ авсныг холбогдох байгууллагууд өмнө мэдээлж байв. Одоо тэр үзүүлэлтүүд ахисан уу?
-2021 онд Үндэсний статистикийн хороо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл хамтран төрийн албан хаагчдын дунд монгол бичгийн мэдлэг тодорхойлох судалгаа авсан. Уг судалгаанд “Та 2025 оноос монгол бичгийг хослуулан хэрэглэхэд бэлэн байна уу” гэсэн асуултад улсын дүнгээр 50 гаруй хувь нь бэлэн гэж хариулсан. Үлдсэн 40 гаруй хувь нь бэлэн биш гэж хариулсан байдаг. Бэлэн биш гэж хариулсан хүмүүсийн ихэнх хувь нь 50-аас дээш насны төрийн албан хаагч байсан. Одоогоор нөлөөллийн ажил болон сургалтууд явж байгаа учраас ахиц өмнөх үеэс хавь илүү дээшилсэн гэж үзэж байна.
-21 аймаг, нийслэлийн Төрийн байгууллагууд өнгөрсөн оны 3 сараас албан бичгээ Монгол бичгээр туршиж эхэлсэн–
–Албан бичгээ хос бичгээр хөтлөхөд бичиж байгаа хүмүүс өөрсдөө шууд шивдэг байх шаардлагатай юу. Эсвэл хөрвүүлдэг программ ашиглах уу?
-Монгол бичгээс кирилл рүү, кириллээс монгол бичиг рүү буулгахад програм хэрэгтэй болно. Олон улсын Юникодын консорциумын төлөөлөлтэй Монгол, Өвөр Монгол, АНУ-д уулзсан. Компьютерт монгол бичгээр шивэхэд илүү хялбар болгох шийдлийг хамтран эрэлхийлж байна.
Төрийн албан хаагчдад зориулсан үндэсний бичгийн сургалтын хөтөлбөрөөр 2023 оны байдлаар 21 аймгийн 48582 албан хаагчийг анхан болон дунд шатны сургаад байна. Төрийн албан хаагчдад зориулсан монгол бичгийн цуврал хичээл болон бие даан монгол бичиг сурахад зориулсан гар утасны программ хангамж бэлэн болоод байна.
Монгол хэлний компьютерын орчны тогтолцоо, тооцоолох хэрэгслийн гарын товчлуур дээрх монгол бичгийн үсэг, тэмдэгтийн байршил” MNS стандартын төсөл боловсруулж, Стандарт, хэмжилзүйн газрын даргын тушаалаар батлаад байна.
Одоогоор president.mn, news.mn, montsame.mn гэх мэт 12 сайтад монгол бичгээр бичсэн контентууд бий. Мөн таван толь бичиг цахимд нээлттэй байна. Нүүр номын 80 орчим группийг идэвхжүүлэн ажиллаж байна. Эдгээрт 570 иргэн идэвхтэй байдаг. “Хүмүүн бичиг” сонин, “Уламжлал” сэтгүүлийг монгол бичгээр хэвлэж байна. Мөн 2020 оны есдүгээр сараас МҮОНРТ шууд мэдээндээ эх сурвалжуудын нэр, албан тушаалыг монгол бичгээр бичдэг болсон.
Сургалтыг ямар чиглэл, агуулгаар зааж байгаа вэ?
-2025 оноос төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах ажлыг эрчимжүүлэх хүрээнд соёлын салбарын албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийг дээшлүүлэх шат дараалсан олон ажил зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд “Хос бичигтэн” болоход шаардлагатай хөтөлбөр, хичээлийн хэрэглэгдэхүүн, гарын авлага, унших бичгийг бүтээж, нийгмийн соёлыг дээшлүүлэхэд анхааран ажиллаж байгаа.
– “Хос бичигтэн” болоход шаардлагатай хөтөлбөр, хичээлийн хэрэглэгдэхүүн зэргийг ашигладаг гэлээ. Тэгвэл сургалтын үр дүнг яаж үнэлэх вэ?
-Мэдээж дээр дурдсан хүрээнд мэдлэг боловсрол олгож байгаа учраас ахиц дэвшил их бага хэмжээгээр гарч ирнэ. Сургалтын үр дүнг тухай бүрт ажиллаж байгаа хэлний үндэсний зөвлөлийн гишүүд үнэлэн дүгнэж байгаа.
– Төрийн 26 байгууллага “Хүмүүн бичиг” сонин захиалж, албан хэрэгцээнд ашиглаж байна–
Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Т.Баясгалан
Аймгийн хэмжээнд төрийн 35 байгууллага мэдээллийн самбарын мэдээллийг кирилл, монгол бичгээр хослуулан иргэдэд хүргэж байна. Төрийн нийт 67 байгууллагаас 64 байгууллага буюу 95.5 хувь нь гадна, дотор хаягаа хос бичгээр сольж, байгууллагуудын удирдах ажилтны нэрийн хуудсыг хос бичгээр хэвлүүлэн ашиглаж байна.
Хувийн хэвшлийн 49 байгууллагад хаягаар хос бичгээр бичих зөвлөмж, албан тоотыг хүргүүлсэнээр 19 байгууллага хаягаа хос бичгээр сольсон. Төрийн 24 байгууллага шийдвэр, албан бичгийг хос бичгээр хөтлөх ажлыг турших зорилгоор монгол бичгээр албан хэрэг хөтлөх хэвлэмэл хуудсыг Архивын ерөнхий газарт захиалан хэвлүүлж ашиглаж байна.
Мөн төрийн таван байгууллага дотоод журам, сургалтын хоёр байгууллага багш, суралцагчийн дотоод дүрэм, 5 байгууллага албан хаагчдын танилцуулга мэдээллээ хос бичгээр хөтөлж байна.
Аймгийн Засаг даргын зүгээс Монгол хэлний зөвлөлийг тэргүүлэн ажиллаж, 2023 онд нийт 16 арга хэмжээг 80.0 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлж 1.5 сая төгрөгийг зарцуулсан байна. Төлөвлөгөөний дагуу төрийн байгууллагын 458 албан хаагчдын монгол бичгийн чадварыг тогтоож анхан, дунд, ахисан шатны танхимын болон зайн сургалтын хөтөлбөр боловсруулан 25 байгууллагын 250 албан хаагчийг хамруулан сургасан.
Мөн монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр олимпиадыг хоёр удаа зохион байгуулж, давхардсан тоогоор 350 төрийн албан хаагч, иргэд хамрагдсан.
Төрийн 26 байгууллага “Хүмүүн бичиг” сонин захиалж, албан хэрэгцээнд ашиглаж байна. Хэлний бодлогын Үндэсний зөвлөл, Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран хоёр удаагийн сургалтаар монгол бичгээр албан бичгийг хэрхэн хослуулан хэрэглэх талаар мэдээлэл өгч, 148 төрийн албан хаагчдыг хамруулан мэдлэг олгосон.
МУ-ын Гавьяат багш Н.Түмэн-Өлзийн нэрэмжит “Монгол бичиг мину” ХХ олимпиадын Бичвэр, бүтээлийн төрөл 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 05 дугаар сарын 23-ныг хүртэл хугацаанд 4 ангилалаар зарлан, зохион байгуулсан. Тус төрөлд Уул уурхайн жишиг сургууль Политехникийн коллеж, Ерөнхий боловсролын сургуулийн 580 сурагчид, 45 багш, төрийн 12 байгууллагын 125 албан хаагч, иргэд оролцож, монгол бичгийн мэдлэг ур чадвараа дээшлүүлсэн” хэмээлээ.
-2025 он хүртэл төрийн албан хаагчдын 90 хувьд нь монгол бичиг эзэмшүүлэхээр төлөвлөж байна–
Завхан аймгийн ЗДТГ
Манай аймгийн 23 суманд 116 төрийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Монголчуудын оюуны соёлын салшгүй бүрэлдэхүүн, давтагдашгүй өв болсон монгол бичгийг ард иргэдэд эзэмшүүлэх, хойч үедээ өвлүүлэх орчин нөхцөлийг бий болгож, улмаар бүх нийтийн хэрэглээний бичиг болгох зорилго бүхий “Хос бичигтэн” хөтөлбөрийг Завхан аймгийн ИТХ-аас баталсан.
Монгол хэлний тухай хууль, Ерөнхийлөгчийн зарлиг, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн тогтоол, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны чиглэлд туссан “Хос бичигтэн” дэд хөтөлбөрийг 2023-2025 онд хэрэгжүүлнэ.
Хөтөлбөрийн хүрээнд үндэсний бичгийн сургалтын болон хэрэглээний орчныг сайжруулж, хэрэглээг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчийн үндэсний бичиг сурах болон хэрэглээний чадварыг сайжруулах, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, иргэдэд үндэсний бичгийг албан ба албан бус сургалтаар зааж сургах ажлууд өрнөж байна” гэсэн ерөнхий тайлбарыг өгч байлаа. Хэлний бодлогын Үндэсний зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлөөс аймгийн хэмжээний 23 сумын хаягжилтын судалгааг авч нэгтгэсэн. Тодруулбал аймгийн 23 суманд 116 төрийн байгууллага 1692 өрөө тасалгаа ашигладаг байна. Байгууллагын гаднах хаягжилтыг 77 байгууллага хос бичгээр бичсэн бол 38 байгууллага хаягжуулаагүй байна. Нийт байгууллагын 66 хувь нь гаднах хаягаа монгол болон кирилл үсгээр хаягжуулсан. Мөн 1692 өрөө, тасалгааны 773 өрөөг хос бичгээр хаягжуулсан буюу энэ нь 45 хувийг эзэлж байна. Харин 746 өрөөг хаягжуулаагүй” хэмээн мэдээлэл өгсөн юм.
Нэмж дурдахад: Монгол хэлний тухай хуулийн долдугаар зүйлд зааснаар:
7 дугаар зүйл.Бичиг үсэг сонгон хэрэглэх
7.1.Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээд албан хэргээ кирилл бичгээр хөтлөн явуулна.
7.2.Энэ хуулийн 11.1.2-т заасан үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна.
7.3.Өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад үндэсний бичгийг зургаадугаар ангиас эхлэн төгстөл тусгайлсан хөтөлбөрөөр заана.
7.4.Их, дээд сургуульд элсэгчдээс авах элсэлтийн ерөнхий шалгалт болон төрийн албанд анх орох иргэнээс авах монгол хэлний шалгалтын агуулгын дөрөвний нэгээс доошгүй хувь нь үндэсний бичгийн мэдлэгийг үнэлэхэд чиглэнэ.
7.5.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдаас гадаад улсын адил төвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг үндэсний бичгээр үйлдэж гадаад хэлээрх орчуулгыг хавсаргана” гэж тусгасан байдаг.
Бидний зүгээс нэлээдгүй хэдэн аймгуудын ЗДТГ-ын холбогдох хүмүүсээс “Хос бичигтэн” болох бэлтгэл ажлын үйл явцын талаар мэдээлэл авах гэсэн боловч тоймтой хариу хэлсэнгүй.
Бүх нийтээр хос бичигтэн болох тухай ярьж эхэлсэн цагаас болон одоо ч “Монгол бичгийн хэрэг байна уу”, “Түүний оронд англи хэлийг албан ёсоор хоёр дахь хэлээ болгох нь дээр”, “Хөгжил гэдэг чинь хойшоо харахын нэр биш” гэх зэргээр маргаж, үндэсний бичигтээ тоомжиргүй ханддаг хүмүүс бий. Монголчууд бид өөрийн гэсэн үндэсний бичигтэйгээрээ азтай. Байгаа бичгээ хэрэглээнд нэвтрүүлэх замаар хамгаалж, хөгжүүлэх нь бидний хүн төрөлхтний өмнө хүлээсэн үүрэг ч юм. Тэр бүү хэл монгол бичгийг маань устгах тухай зарим улсад ярьж, тэмцэж байна. Бид тэдэнтэй адилхан “Тийм ээ, энэ бичиг хэрэггүй” гээд устгуулах уу. Англи хэлийг ядах юмгүй эзэмшдэг хүмүүс монгол бичгийг амархан сурна. Гагцхүү залхуурч болохгүй.