Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2024.02.16/ ОХУ-ын сөрөг хүчний томоохон төлөөлөгч Алексей Навальный амьсгал хураасан гэж түүний хоригдож байсан шорон мэдэгдэл хийсэн. Уг мэдээг сонссон олон зуун хүн ОХУ-ын олон арван байршилд цэцэг өргөсөн юм.
Хүний эрхийн “OVD-Info” нэртэй агентлаг мэдээлснээр Навальныйн дурсгалд зориулж үүсгэсэн газруудаас ОХУ-ын цагдаа нар 400 гаруй хүнийг баривчилсан байгаа.
Тэгвэл ОХУ-ын шүүх баривчлагдсан зарим хүмүүст богино хугацаагаар хорих ял оноосон байна. Албан ёсны шүүхийн баримт бичгээс харвал Санкт-Петербург хотноо л гэхэд 154 хүнд ял оноожээ.
Бямба /2024.02.17/ болон ням гарагт /2024.02.18/ нийтлэгдсэн баримтаас харвал тус хотын шүүх 154 хүнд жагсаалын эсрэг хуулийг зөрчсөн хэргээр 14 хүртэлх хоногоор хорих ял өгсөн байна.
ОХУ-д зэвсэгт хүчнийг шүүмжлэхийг хориглосон, зөвшөөрөлгүй жагсаал явуулахын эсрэг хууль байдаг учир Кремль эсвэл захиргааны эсрэг жагсаал цуглаан хийх нь ерөнхийдөө хууль бус зүйл тооцогддог юм.
Навальныйн эхнэр Юлия Навальная даваа гарагт /2024.02.19/ ес гаруй минутын бичлэгээр мэдэгдэл гаргасан. Тус бичлэгт Юлия “Владимри Путин миний нөхрийг хөнөөсөн. Алексейн амийг авснаараа Путин миний бие, миний зүрх бас миний амин сүнсний талыг хөнөөсөн. Гэхдээ надад үлсдэн тал нь байгаа, тэр тал минь надад бууж өгч болохгүй гэж хэлж байна. Ийм учраас би Алексей Навальныйн ажлыг үргэлжлүүлж, улсынхаа төлөө тэмцээр байх болно” гэжээ.
Одоогийн байдлаар Навальныйн үхлийн шалтгаан тогтоогдоогүй байгаа. 2017-гоос 2018 оны Навальныйн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх багт ажиллаж байсан Иван Жданов задлан шинжилгээ дуусахад 14 хоног шаардлагатай гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Moscow Times