Увс аймгийн Тэс сумын аравдугаар багт хаваржиж буй айлуудын мал шилүүсэнд бариулсан байж болзошгүй аж. Дөрвөн айлын 14 үхэр, 10 орчим бог шилүүсэнд бариулсан тухай эх сурвалж мэдээлэл өглөө. Энэ талаарх мэдээллийг тодрууллаа.
Тэс сумын аравдугаар багийн дарга н.БАЛЖИННЯМ:
Өмнөх жилүүдэд шилүүс мал барьж байсан тохиолдол гарч байв уу. Шилүүс гэдгийг яаж мэдэв?
-Урд жилүүдэд ийм явдал тохиолдож байгаагүй. Шилүүс нь ОХУ-ын Тувагийн нутаг дэвсгэрт байрлах Тагны нуруунаас орж ирсэн байх магадлалтай.
-Хэдэн тооны шилүүс явж байна вэ?
-Одоохондоо бол багахан хэмжээний зайд мөр л харагдсан. Шилүүс нь модонд дамждаг амьтан болохоор тоог нь гаргаж чадахгүй байна. Дөрвөн айлын 14 үхэр, 10 орчим бог мал шилүүсэнд бариулсан.
-Аймагтаа мэдэгдсэн үү. Сум орон нутгийн хэмжээнд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Байгаль орчны газар, Онцгойгоос хүмүүс ирж нөхцөл байдалтай танилцсан. Шинжилгээ хийхийн тулд үхсэн малаас дээж аваад явсан. Хариу мэдээлэл өгөөгүй байна. Шилүүс нь хүн рүү дайрах эрсдэл өндөр учраас малчдыг малдаа явахдаа сонор сэрэмжтэй, малаа хол газар бэлчээхгүй байх талаар сэрэмжлүүлэг өгсөн.
Тэс сумын10 багийн иргэн н.БАТДЭЛЭГ:
-Манайх таван үхрээ шилүүсэнд идүүлсэн. Бэлчээрт явсан бог мал үхсэн байхаар нь тухайн үед эхлээд чоно барьж гээд өнгөрөөсөн . Гэтэл дараа нь бод мал үхсэн. Нөхцөл байдлыг харахад малыг чоно шиг идээгүй. Үхсэн үхрэнд нүх үүссэн байсан. Хазсан малынхаа махыг идээгүй бүх цусыг сороод авчихсан юм шиг л харагдсан. Хүн рүү дайрах магадлал өндөр учраас өдөр, шөнө гарч орохдоо айдастай байна. Малчид өөрсдөө дуу чимээ байнгын гаргаж, өдөрт малынхаа хажуугаас салахгүй байгаа.