Яндангийн тоог 20 мянгаар бууруулахын тулд гэр хорооллын 5000 байшин, 15 мянган гэрт цахилгаан халаагуур тараах ажлыг зогсоожээ. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар тайлбарлахдаа “Нэг ширхэг цахилгаан зуух худалдаж аваагүй ээ. Бид Эрчим хүчний яамтай 2023 оны аравдугаар сард хийсэн уулзалтын үеэр 20 мянга орчим цахилгаан зуух худалдан авч болно гэдэг асуудлыг ярьж байсан.
Өнгөрсөн 2019 оноос хийсэн судалгаагаар нийтдээ 43 мянган айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах боломжтой гэж байсан.
Харамсалтай нь 2023 оны арванхоёрдугаар сард эрчим хүчний салбарын ачаалал 12.3 хувиар огцом нэмэгдсэн учраас цахилгаан зуухыг олноор ажиллуулбал систем дийлэхгүй гэдгийг мэргэжлийн байгууллагууд өгч, хязгаарлалт хийж эхэлсэн. Нэгэнт ийм болсон учраас энэ худалдан авалтыг бүрмөсөн зогсоосон. Төсвийн тодотголоор энэ мөнгийг ямар асуудалд тусгасныг мэдээлнэ” гэв.
Нийслэлийн 2024 оны төсвийг 2.6 их наяд орчим төгрөгийн орлоготой, 1.1 их наяд орчим төгрөгийн зарлагатай, улсын төсөвт 230.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр баталж байв. Төсвийн нийт орлогыг 2.6 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн нь 2023 оны баталсан төлөвлөгөөнөөс 652.8 тэрбум төгрөгөөр буюу 33.5 хувиар, хүлээж буй гүйцэтгэлээс 598.5 тэрбум төгрөгөөр буюу 29.9 хувиар өссөн дүнтэй баталсан юм.