“Хөл нүцгэн голланд эр” нэрээрээ цахим сүлжээнд алдартай Антон Нутенбумыг танилцуулж байна. Тэрбээр 2019 онд Эверестийн бааз руу 130 орчим км хөл нүцгэн алхсан анхны хүн болжээ. Хоёр жилийн дараа Австралийн эргээр 3000 км явган аялж, Гиннесийн дээд амжилт тогтоосон. Өдгөө Антон Нутенбум Лос-Анжелесаас Нью-Йорк хот хүртэлх 5000 орчим км замыг хөл нүцгэн туулж, амжилтаа шинэчлэх гэж байна.
Түүний аялал хоёрдугаар сарын 17-нд эхэлжээ. Аялал эхлээд удалгүй 30 гаруй хүн түүнтэй нэгдсэн тул тэр өөрийгөө “Голландын Форрест Гамп” гэж нэрлэсэн байна.
Эрчүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал хандуулах #BraveMenTalk аяны хүрээнд тэр энэхүү аяллыг хийж байгаа аж. Нидерландын армид 10 жил алба хааж, Ойрхи Дорнодод гурван удаа аялсан Нутенбум энэ аяллаа эрчүүдэд чимээгүйхэн тулгардаг сэтгэл зүйн тулааны бэлгэдэл гэж үзэж байна.
“Зам бүр хэцүү. Өдөр бүр гэнэтийн зүйлээр дүүрэн байдаг. Энэ бол зүгээр нэг л үе шат. Энэ зам дуусч, хэзээ нэгэн цагт зам арай дээрдэнэ гэж би өөртөө хэлдэг. Амьдрал ч мөн адил. Хүнд хэцүү зүйл тохиолдлоо гэхэд энэ бол зүгээр л хэсэг хугацааны асуудал. Эцэст нь та асуудлаасаа гарч л таарна” гэж тэр хэлжээ.
Мөн “Өвдөлт бол миний хувьд үнэ цэнтэй зүйл. Амьдралд тань бие махбодийн болон оюун санааны ямар ч бэрхшээл тулгарсан бай та үүнийг даван туулж чадна гэж эрчүүдэд хандаж хэлмээр байна” гэлээ.
АНУ-д жил бүр зургаан сая гаруй эрэгтэй хүн сэтгэлийн хямралд өртдөг бөгөөд ихэнх нь эмчилгээ хийлгэдэггүй. Энэ нь ноцтой үр дагавартай. Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр эрэгтэйчүүдийн амиа хорлолт эмэгтэйчүүдийнхээс бараг дөрөв дахин их байна. Тодруулбал, 2022 онд 39255 эрэгтэй амиа хорлосон бол эмэгтэйчүүдийн дунд 9825 амиа хорлолтын тохиолдол бүртгэгджээ.
Эх сурвалж: YAHOO NEWS