Амьтны хүрээлэнгээс оргосныхоо дараа Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэгт эрх дураараа амьдрах болсон шар шувуу үхсэн тухай мэдээ өчигдөр нийтийн дунд тарж, хүмүүс эмгэнэл харууслаа илэрхийлж эхэлжээ.
Флако нэртэй болсон Евразийн шар шувуу Баасан гарагийн шөнө үхсэн байхыг өглөө нь олсон байна. Түүнийг нисэж байхдаа ойролцоо барилгын ханыг мөргөсөн байж болзошгүй гэж Wild Bird Fund байгууллагын ажилтан дүгнэжээ.
Одоогоос нэг жил гаруйн өмнө Нью-Йоркийн Төв Амьтны Хүрээлэнд нэвтэрсэн үл мэдэгдэх этгээд торыг нь эвдсэний дараа Флако оргож байв. Тэрбээр амьтны хүрээлэнд 13 жил амьдарчээ.
Дэлгэсэн далавчны урт нь бараг хоёр метр хүрдэг Флако өнгөрсөн хугацаанд өндөр барилгуудын дунд нисэж, Нью-Йоркийн хархнуудыг авладаг байсан юм.
Флакогийн гэрэл зургийг авах, ажиглах нь зарим хүмүүсийн хувьд нэг төрлийн спорт болоод байжээ. Түүний дүрийг ханын зурагт мөнхөлж, бараа бүтээгдэхүүний брэнд ч гарсан байна.
Гэхдээ энэ амьтныг их хотын замын хөдөлгөөнд осолдох, эсвэл хордсон хархны маханд давхар хордож үхэх вий гэсэн айдас мэргэжилтнүүдийн дунд байсан юм.
“Флакогийн торыг эвдэж, аюулгүй байдлыг нь алдагдуулсан этгээд эцсийн хариуцлагыг хүлээх ёстой. Хэргийг мөрдөн шалгаж буй Нью-Йорк хотын цагдаагийн газар эцэст нь буруутныг олж баривчилна гэдэгт найдаж байна” гэж амьтны хүрээлэнгийн захиргаа мэдэгджээ.
Нью-Йорк хотод Флакогийн хүрэл хөшөө босгох саналыг зарим хүмүүс өчигдөр гаргасан байна. Бас нэг хэсэг нь түүнийг Төв Цэцэрлэгт Хүрээлэнд оршуулах санал гаргажээ.
“Флако шар шувуу нь бие даасан, байнгын эрэл хайгуул хийдэг, байнга тулгарах өөрчлөлтүүдийг даван туулах арга замыг хайж байдаг зэрэг олон талаараа Нью-Йоркийн жирийн нэг оршин суугч байсан юм. Бид түүнийг үгүйлэх болно” гэж Х сошиал платформд нэгэн хүн бичсэн байна.
Эх сурвалж: Associated Press