Шоронд нас барсан Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальный агсны шарилыг ээжид нь хүлээлгэж өгсөн тухай хамтрагчид нь өчигдөр буюу Бямба гарагт мэдээлжээ.
Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Умард Туйлын шоронд нас барсан юм.
“Алексейн шарилыг ээжид нь хүлээлгэн өглөө. Бидэнтэй хамт үүнийг шаардаж байсан бүх хүмүүст талархлаа илэрхийлье” гэж талийгаачийн хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш өчигдөр Х хуудсандаа бичсэн байна.
Навальный агсны ээж Людмила сүүлийн нэг долоо хоногийн турш хүүгийнхээ хоригдож байсан шоронд хамгийн ойр суурин газар болох Ямало-Ненецийн автономит тойргийн Салехард хотод байж, эрх баригчдаас шарилыг нэхэж байсан юм.
Орон нутгийн захиргаа шарилыг нууцаар оршуулахыг тулгаж байсан тул Навальныйн хамтран зүтгэгчид Баасан гарагт шүүхэд гомдол гаргаж байв.
“Людмила Иванова одоо болтол Салехардад байгаа. Оршуулгын асуудал тодорхойгүй байна. Эрх баригчид гэр бүлийнхнийх нь хүсэж байгаачлан шарилыг авч явахыг зөвшөөрөх эсэхийг бид хэлж мэдэхгүй байна” гэж Ярмыш бичжээ.
Олон жилийн турш Кремлийн эрх баригчдын хамгийн тод шүүмжлэгч байсан Навальный 19 жилийн хорих ял эдэлж байсан юм.
Түүнийг хоёр сар орчмын өмнө нийслэл Москвагийн ойролцоох шоронгоос Оросын хамгийн хатуу дэглэмтэй хорих газар гэгддэг Умард Туйлын шоронд шилжүүлж байв.
Навальныйг шоронд салхилж явахдаа ухаан алдаж унасан гэж шоронгийн захиргаа мэдээлсэн. Сүүлд үхлийн шалтгааныг “жам ёсны” гэж тодорхойлжээ.
Бямба гарагийн өглөө талийгаачийн бэлэвсэн гэргий Юлия нөхрийнх нь шарилыг өгөхгүй байгаа Путинийг шүүмжилсэн видео мэдэгдэл гаргасан юм.
“Түүнийг минь амьдаар нь тамлаж байсан бол одоо үхсэн хойно нь ч тамлаж байна. Путиний хийж буй үйлдэл бол жигшмээр зүйл. Үгүй ээ, ингэж хэлэхэд ч багадна. Энэ бол ямар нэг сатанизм” гэж тэр ярьжээ.
Навальныйн талынхан шарилыг өгөлгүй удааж байгаа нь эрх баригчид аллагын баримтыг устгах зорилготой гэж сэжиглэж байгаа юм.
Эх сурвалж: AFP