Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирал Г.Хүрэлбаатар, “Аи Ти Зон” ХХК-ийн дэд захирал Т.Төгөлдөр нараас тодрууллаа.
-Нийгмийн даатгалын байгууллагын үйлчилгээ, цахимжуулалтын талаар мэдээлэл өгөхгүй юу.
НДЕГ-ын дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирал Г.ХҮРЭЛБААТАР: -2023 оны байдлаар салбарын хэмжээнд 21 аймаг, 9 дүүрэг, томоохон сумдыг холбосон нэгдсэн сүлжээтэй. Нийт 29 жилийн өгөгдөл, мэдээлэл бүрдүүлэн ашиглаж байгаагийн 24 жилийнх нь бүртгэлээр үүссэн мэдээллийн сан байгаа. Мэдээллийн сан бүрдүүлэх, иргэд даатгуулагч, ажил олгогч, төрийн болон бусад байгууллагуудад нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх зориулалтаар 45 програм хангамж, 70 гаруй сервис гарган ашиглаж, нийт бүтээгдэхүүн үйлчилгээний 80% орчмыг цахимжуулсан.
Төрийн үйлчилгээний ТҮЦ машин, нийгмийн даатгалын вэб хуудас, ухаалаг төхөөрөмжид суурилсан “Нийгмийн даатгал” аппликейшн, төрийн нэгдсэн портал Е-монголиа зэрэг цахим сувгуудаар нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлж, жилд дунджаар давхардсан тоогоор 3.0 сая иргэн, 120.0 мянга ажил олгогчид нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа тодорхойлолтыг цахимаар олгосон. 70 гаруй сервис буюу багц мэдээллийг төрийн үйлчилгээний нэгдсэн ХУР системд байршуулснаар төрийн болон бусад 20 гаруй байгууллага жилд 4.5 сая хандалтаар мэдээлэл авсан. Жилд ойролцоогоор 60.0 мянган ажил олгогч, давхардсан тоогоор 10.0 сая гаруй даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, шимтгэл төлөлтийн тайланг цахимаар бүрэн, үүнээс 23 % нь тоон гарын үсэг ашиглан ирүүлж байсан. Сүүлийн 20 жилийн хугацаанд 60 гаруй програм хангамж, мэдээллийн систем хөгжүүлэн ашиглаж байсан. Энэ нь цаг хугацааны хувьд янз бүрийн технологи дээр хийгдсэн тул дэвшилтэт шинэ технологид шилжүүлэх шаардлага үүсч, Азийн хөгжлийн банкны төслөөр мэдээллийн системийг шинэчлэх ажил хийгдэж, гүйцэтгэгчээр нь “Ай Ти Зон” ХХК ажиллаж байна.
-Азийн хөгжлийн банкны төслөөр нийгмийн даатгалын салбарын мэдээллийн системийн шинэчлэлийн ажил хийгдэж байгаа юм байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?
“Ай Ти Зон” ХХК-ын дэд захирал Т.ТӨГӨЛДӨР: -Нийгмийн даатгалын байгууллага нь 2000-аад оноос хойш өнөөдрийг хүртэл 34 нэгж, салбарууд дээрээ тус тусдаа салангид 60 гаруй мэдээллийн систем ашиглаж байсан. Өнөөдөр үндсэн 16 систем, туслах 45 систем, 100 гаруй модуль бүхий нэгдсэн, веб суурьтай, нэг мэдээллийн сан бүхий систем рүү шилжиж байна. ITZ ХХК нь энэхүү мэдээллийн цахим нэгдсэн системийг өгөгдсөн бодлогын даалгавар, хууль журам, шаардлагын хүрээнд хөгжүүлж дуусаад нийгмийн даатгалын байгууллагатай хамтран үе шаттайгаар нэвтрүүлж байна.
-Иргэд даатгуулагчид, ажил олгогчид “нийгмийн даатгалын сайт руу маш удаан, үйлчилгээ доголддог талаар асуудал тавьж байна. Энэ юунаас болж байна вэ?
–Нийгмийн даатгалын салбарын онцлог нь нягтлан бодох бүртгэл дээр суурилсан иргэд, аж ахуйн нэгжүүдээс шимтгэлээр цугларсан мөнгийг эргүүлэн иргэн бүрт тэтгэвэр, тэтгэмж болгон олгодог төрийн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч томоохон байгууллага. Дэлхийн улс орнуудын хувьд Нийгмийн даатгалын мэдээллийн систем нь хамгийн томоохонд тооцогдох цахим мэдээллийн систем байдаг. Үндсэн 16 систем, туслах 45 систем, 100 гаруй модулиас эхний ээлжинд 2023 онд байгууллагын дотоод санхүүгийн системийг нийт 34 нэгжид бүрэн нэвтрүүлж дуусаад байна. Үргэлжлээд үндсэн нийгмийн даатгалын үйлчилгээ болох тэтгэвэр, тэтгэмж, сайн дурын, албан журмын даатгал зэрэг нийт 50 гаруй үйлчилгээг үе шаттайгаар нийгмийн даатгалын байгууллагатай хамтран нэвтрүүлж байна. Одоо сүүлийн шатанд иргэд даатгуулагчид, аж ахуйн нэгжүүдийн шимтгэлийн тайланг хүлээн авах, цахим лавлагаа авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн анхны бодлогын даалгаврын хүрээнд хөгжүүлж дууссан системийг нийгмийн даатгалын багц хууль, дүрэм, журамд орсон өөрчлөлтүүдийг заавал тусгаж байж нэвтрүүлэх шаардлага үүссэн. Өөрөөр хэлбэл системд нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгах шаардлага гарсан хэдий ч бидний хөгжүүлсэн систем нь динамик /dynamic/ суурьтай тул өөрчлөлтүүдийг зохих хугацаанд оруулж байна. Хоёрдугаарт, хуучин 60 орчим системтэй байхад салангид хэлбэрээр хадгалагдаж байсан мэдээллийг нэгтгэх, мэдээллийн уялдаа холбоог хангаж алдаа мадаггүй шинэ системд оруулах буюу баазын хөрвүүлэлт (data migration)-ийн ажлын хүрээнд 3 сая гаруй иргэн, 60 мянга гаруй аж ахуйн нэгжийн сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд үүссэн санхүү болон бүртгэлийн мэдээллийг оруулах нь маш чухал бөгөөд томоохон сорилтуудын нэг байсан. Тодруулбал хуучин систем дээр бүртгэгдээгүй олон мэдээллийг хууль, дүрэм, журмын хүрээнд бүртгэдэг болсон нь дата зөрөх, хоосон датаг нөхөх зэрэг сорилтууд байна.
-Иргэд, даатгуулагчид, ажил олгогчид нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа тодорхойлолтоо цахимаар авах ажил хэзээнээс нэвтэрч эхлэх вэ?
–Өнөөдрийн байдлаар тэтгэвэр, тэтгэмж сайн дурын даатгал гээд системд орсон үйлчилгээнүүдийг залгаад сүүлийн шатанд аж ахуйн нэгжүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг хүлээж авах, лавлагаа мэдээллийг цахим сувгуудаар авах боломжийг ирэх гуравдугаар сараас бүрдүүлэхээр ажиллаж байна. Нийгмийн даатгалын шинэчилсэн системийг төрийн мэдээлэл солилцооны “Хур” системтэй холбох ажил хийгдэж байна. Энэхүү системийн холболт хийгдсэнээр ажил олгогч, даатгуулагчдын 2024 онд төлсөн шимтгэлийн мэдээлэл Emongolia-д орно. Эхний ээлжинд нийгмийн даатгалын www.portal.ndaatgal.mn вэб сайтаас даатгуулагч шимтгэл төлөлтийн мэдээллээ гуравдугаар сарын 1-нээс харах боломжтой болно. Нэмж хэлэхэд Монгол Улсын хэмжээний томоохон цахим мэдээллийн системийн шилжилт явагдаж байгаа энэ үед биднийг ойлгон хамт байгаа, иргэд аж ахуйн нэгж байгууллагадаа талархаж байна. Бид системийг нэвтрүүлэхийн зэрэгцээ алдаа асуудал бүр дээр шуурхай ажиллаж, мөн системийг илүү хялбар болгох дээр нийгмийн даатгалын байгууллагатайгаа нягт хамтран ажиллаж төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх дээр онцгой анхааран ажиллаж байна.
-Нийгмийн даатгалын системийн шинэчлэлийн үр дүнг хэрхэн төсөөлж байна вэ? Ямар үр дүн гарах бол?
НДЕГ-ын дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирал Г.ХҮРЭЛБААТАР: –Нийгмийн даатгалын салбарын хэмжээнд ашиглагдаж байсан мэдээллийн системийг шинэчилснээр гурван гол хүлээлт байна. Үүнд:
• Өмнө нь нийгмийн даатгалын байгууллага 21 аймаг, 9 дүүрэг, томоохон 10 суманд сервер компьютертэй, тус тусдаа мэдээллийн бүрдүүлэлт хийж, нэгдсэн мэдээллийн санг 24 цагийн хоцрогдолтой цуглуулан үйлчилгээ үзүүлдэг байсан бол одоо онлайн /real time/ болсон. Нэгдсэн мэдээллийн сангийн бүрдүүлэлт ийнхүү цаг хугацаандаа үүсч байгаа тул иргэд даатгуулагч, ажил олгогч, төрийн болон бусад байгууллагуудад бодит цагийн горимд үйлчилгээ үзүүлэх боломж нээгдэх юм.
• Систем нь уян хатан, динамик суурьтай хийгдэж байна. Энэ нь хууль тогтоомжийн өөрчлөлтийг богино хугацаанд хийх боломж бүрдэх юм.
• Сүүлийн 20 орчим жилийн хугацаанд 60 гаруй програм хангамж, мэдээллийн систем хөгжүүлэн ашиглаж байсан. Энэ нь цаг хугацааны хувьд янз янзын технологи дээр хийгдсэн байсан. Үүнийг дэвшилтэт технологи дээр, хоорондын уялдаа холбоог хангаж, нэг цогц систем болгосноор төрийн болон бусад бизнесийн байгууллагуудын дэд системүүдтэй
уялдан ажиллах боломж нэмэгдэж, улмаар нийгмийн даатгалын үйлчилгээний цахимжилт нэмэгдэх давуу талтай гэж харж байна.