Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд М.Энхсайханы Улаанбаатар хотод метро барих шаардлагатай, эсэх талаарх байр сууриа “Чухал зуун асуулт” нэвтрүүлгээр дамжуулан хүргэсэн. Үүнийг тоймлон хүргэе. Ташрамд, Нийслэлийн ЗДТГ-аас өчигдөр метро барихад зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг сонгон шалгаруулахаар тендер зарласан юм.
–Улаанбаатар хотод метро байгуулах цаг болсон уу?
-Ер нь хотын эдийн засаг гэх бие даасан шинжлэх ухаанд анхаарлаа хандуулах цаг болсон. Дэлхийн эдийн засгийн бүрдүүлж буй ДНБ-ий 80 хувийг хотууд бүрдүүлж байгаа. Тиймээс улс орноо, эдийн засгаа хөгжүүлье гэвэл хотын эдийн засагт анхаарах ёстой. Хот дагаж хөгжил ирнэ. Тэр утгаараа метро байгуулах төсөл нь их дэмжмээр, сайхан санаачилга. Анхаарах, санаа зовох, бодох зүйл их бий. Үүнийг мэргэжлийн хүмүүс хийж байгаа болов уу гэж бодож байна.
Ер нь хотын хөгжилд анхааръя гэвэл зөвхөн метро байгуулаад зогсох бус, төрийн байгууллагын бүтцийг өөрчлөгдөх ёстой. Жишээлбэл, УИХ хотын хөгжлийг хариуцсан Байнгын хороотой болоход гэмгүй. Хотын дарга орон нутгийн сонгуулиар томилогддог ч Засгийн газрын гишүүн байх байнгын хуультай болчихвол бүүр сайн.
Хотын хөгжил, метро байгуулах талаар ярихын тулд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Хотын даргыг оруулсан байнгын ажиллагаатай зөвлөлтэй болчихвол зүгээр. Өөрөөр хэлбэл, хотын эдийн засаг нь улсын эдийн засгийн стратегийн гол чиглэл шүү дээ. Метрог амжилттай байгуулан, үр дүнд хүрвэл нийгэм, эдийн засгийг эрс өөрчлөх өөрчлөлтийн чиг шугам болно. Зөвхөн түгжрэлийн асуудлыг шийдэх бус хотын соёл бий болох, иргэдийн цаг завыг хэмнэх, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цаашлаад хөдөлмөрийн бүтээмжийг түшсэн хотжилт бий болгоход ач холбогдолтой. Метро байгуулсан улс орнуудын газрын зургийг харсан. Америк тив тэр чигтээ метрожсон байна. Европ тивд Люксембургийг эс тооцвол улс орнууд нь метротой болсон байна.
Африк тивийн улсууд дийлэнх нь, Ази тивд Монгол Улс метрогүй. Метро бол хөгжлийн үзүүлэлт, бэлгэ тэмдэг юм. Тэр утгаараа олон нийт дэмжинэ гэж бодож байна. Метро байгуулах цаг нь болсон, хэн нэгэн үүнийг эхлүүлэх ёстой. Тиймээс эхлүүлж байгаа явдалд сайшаалтай байна.
-Улаанбаатар хотод байгуулах гэж буй метроны шугамын нэлээд хэсэг нь баганан суурьтай, гуравны нэг нь тунелийн байгууламж дотор байна. Бидэнд байгаа урьдчилсан ТЭЗҮ-ийн дагуу гурван байршилд тус бүр 1.1 км газар доорх худалдаа үйлчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулан метроны төслийг санхүүжүүлэх эх үүсвэр бий болгох боломжтой. Эрс тэс уур амьсгалтай манай улсын хувьд задгай зах, худалдааны төвүүдийг битүү орчинд оруулах боломж харагдаж байгаа юм. Хотын эдийн засагт метроны үзүүлэх нөлөө өндөр болохыг та дурдлаа. Цаашид метроны төслийг хэрэгжүүлэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийн ямар боломжуудыг ашиглавал санхүүжилтийн тодорхой хэсгийг бүрдүүлж болох вэ?
-Олон улс оронд хотжилт эрчимтэй явагдаж байна8 zлангуяа Монгол Улсад. Гэхдээ манай улсын нэг онцлог нь уул уурхайг түшсэн хотжилт явагдаж байгаа. Тиймээс уул уурхайн орлогыг аль болох хотын эдийн засаг руу чиглүүлж чадвал үр дүн гарна. Баялгийн сан гэж байдаг шүү дээ. Энэ сангийн менежментийг яаж хийх тал дээр дэлхийн даяар маргаан байдаг.
Хөгжил сул орнуудыг хөгжүүлэх асуудлыг судалдаг эрдэмтэд баялгийн санг хотын хөгжилтэй уялдуулах хэрэгтэй гэж зөвлөдөг. Энэ нь өөрөө шударга юм. Учир нь уул уурхайн орлогыг тухайн үеийнхэн идэж уун амьдрах биш, ирээдүй хойч үе бас орлогоос нь хүртэх ёстой.
Тэр орлогыг мөнгө болгох биш, хадгаламжид хадгалах биш хотын хөгжилд зарцуулах ёстой гэж ярьдаг. Баялгийн санг метро зэргийн санхүүжилтэд хувь нэмэр болговол бүүр сайн. Хот нийслэлийн бонд гаргахаар ажиллаж байгаа. Бонд гаргаснаар нэг талаасаа өр тавьж байгаа юм шиг харагддаг нь үнэн. Өрийг төлөх чадвартай байх хэрэгтэй. Жишээлбэл, баялгийн сан хотын хөгжилд зарцуулагдана гэдэг мессэж нь хөрөнгө оруулагчид болон бонд авах гэсэн хүнд итгэл өгнө. Ингэснээр бонд өөрөө арилжаалагдах, гүйх, хотын хөгжилд зарцуулагдах, эргээд өсөх боломж гарч байгаа юм. “Urban economics” буюу хотын эдийн засгийн ухаанаар бол энэ жижиг жижиг, түгжрээд явж буй хувийн автомашинуудыг хувийн эрх ашиг гэж үздэг. Нийтийн тээврийг нийтийн эрх ашиг гэж үздэг. Нийтийн эрх ашгийг илүүд үзэж чаддаг газар хөгжил ирнэ гэсэн үг. Тэр ч утгаараа би метроны төслийг сайн талаас харж байна. Бүтээн байгуулалт нэг бус сонгуулийг дамнан өрнөнө.
Тиймээс шинээр гарч ирсэн улстөрийн хүчин өмнөх ажлыг үгүйсгэчих вий гэдэг бол ямар ч хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийн санаа зовох асуудал.
Иймд улстөрийн хүчнүүдийн нэгдмэл ойлголт, түүнийг баталгаажуулах төрийн бүтэц, тогтолцоо, хуулийн хүрээнд асуудлыг шийдээд явбал тогтвортой байх юм. Ялангуяа метроны төсөл бол мега төсөл мөн.
-Метро байгуулах нэрээр сонгуулийн мөнгө босгох нь, шоу хийх нь гээд шүүмжлэл мэдээж гарна. Хамгийн гол нь хотын эдийн засаг даах уу гэдэг л чухал…
-Намайг Ерөнхий сайд байх үеийн эдийн засаг, өнөөгийн эдийн засаг хоёрыг харьцуулшгүй. Миний үед нэг хүнд ногдох ДНБ 400-600 ам.доллар байсан шүү дээ. Өөрөөр хэлбэл, олон улсын стандартаар хэмжихэд бид нэн ядуу орны тоонд ордог байсан. Өнөөдөр нэг хүнд ногдох ДНБ 5800 долларт хүрсэн.
Бид дундаж орлогоос дээш гарсан түвшинд байна. Тухайн үед бол том том мега төсөл бодох чадал нийгмийнхээ, мэргэжилтнийхээ, сэтгэлгээнийхээ хүрээнд ч байгаагүй. Өнөөдөр бол тэр бүгд бий болчихсон.
Нэг мега төслийг эхлүүлж, нөгөө мега төслийг сэдэж хөгждөг яг энэ зам руу өнөөдөр орчихсон байна. Бие биедээ дэгээ тавих биш, зөв мега төслийг дэмжиж, гарч болзошгүй алдаанаас сэргийлж, нэгэндээ зөвлөж явмаар байгаа юм.