МАН-ын өргөмөл хүүгээр нэрлэгдэж ирсэн ХҮН намынхан 2024 оны УИХ-ын сонгуульд бор зүрхээрээ зүтгэхгүй бол горьгүй болж буй бололтой.
Учир юу вэ гэвэл Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ХҮН намтай холбоотой асуудлыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандсан байгаа аж. Мөн 2020 оны наймдугаар сарын 17-нд “Блью скай”-д болсон хуралдааны талаар хууль хяналтын байгууллагад мэдээлэл гаргахаар бэлдсэн юм байна.
Түүнчлэн хөрөнгө оруулагч нарыг Монгол руу чиглэх боломжгүй болтол хашраасан гол буруутнаар НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр тодроод байна. Энэ тухай Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “П.Наранбаяр төлөөлөгч өө, Гочоосүрэн гэж таны дүү байгаа. Өвгөний дэрэн доогуур хар тамхи хийсэн. Дараа нь Сонгинохайрхан дүүрэгт машин угаалгын газраар шагнагдсан хэрэг шалгагдаж байгаа ш дээ. Та нар ярьж байгаа шигээ ариухан байж чадах уу. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хэдэн арван жилээр хойш татаж гадны хөрөнгө оруулагч ирэхээсээ жигшдэг ийм байдал руу орсон. Та энэ асуудал дээр эхлээд өөрөө уучлал гуйгаарай гэж хэлье” гэж НИТХ-ын хуралдааны үеэр мэдэгдсэн юм.
Гэхдээ ХҮН намтай холбоотой дээрх асуудлыг тавьж эхэлсэн нь “но”-той ногоон автобусны хэргээс болов уу гэж үзэх хүмүүс ч байна. Учир нь, “Тэнүүн огоо” компанийн захирал А.Ганхуяг нарын цоо шинэ гэж оруулж ирсэн 100 автобус Вьетнамд угсарсан, хуучин автобус болохыг НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр нар анх “шүгэл” үлээж, олны анхааралд оруулсан. Энэ хэргээс болж, А.Ганхуяг урьдчилан хорих төвд саатуулагдсан бол Түгжрэлтэй тэмцэх сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар сайдынхаа албан тушаалаас чөлөөлөгдөж, яллагдагчаар мөн татагдсан. Мөн Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Д.Сумъяабазар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Дээрх 100 автобусыг оруулж ирэхийн тулд Улсын нууцад хамруулсан байсан гээд но-той, ноцтой олон асуудал сөхөгдөж, нийгэмд дуулиан тарьсан.Эдгээр асуудлыг хөндөж тавьсан хүмүүс нь төлөөлөгч П.Наранбаяр нар байсан тул эргээд хариугаа хүртэж, “бөгсөө ухуулж” байна гэж үзэх хүмүүс ч байгаа юм.