2024 оны нэгдүгээр сарын 1-нээс тээврийн хэрэгслийн үзлэг, оношилгоо эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн цахим гэрчилгээг наах ажлыг хийж, үзлэг оношилгооны төвүүдэд ачаалал үүсч байв. Нийслэлээс 2023 оны долдугаар сард ЗТХЯ-нд 4470 ширхгийг нийлүүлж, олгосон байна. Зам, тээврийн хөгжлийн яамнаас үлдсэн 800 мянган RFID тагийн худалдан авалтыг зохион байгуулсан.
Эдгээр цахим гэрчилгээг 21 аймаг, нийслэлийн нийтийн тээвэрт наана гэж мэдээлж байсан юм. Энэ ажил бас л өнөөдөр хэрэгжсэнгүй.
Цахим гэрчилгээг 6700 төгрөгөөр “Бодь” компани нийлүүлж байгаа талаар албаныхан өмнө нь мэдээлж байсан. Үүн дээр наах хөлс, бичиг хэргийн зардал нэмэгдсэн байна. Эхний ээлжид улсын хэмжээнд зам тээврийн хөдөлгөөнд оролцож буй 1.2 сая тээврийн хэрэгсэлд үнэ төлбөргүй наана. Харин санаатай болон санамсаргүй байдлаар эвдэх, алга болгох, техникийн гажуудал гарахад дахин авахдаа АТҮТ-өөс зөвлөмж гаргасны дагуу тодорхой үнээр худалдан авна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа.
Харин систем хөгжүүлэлтийн хувьд, ЗТХЯ-нд Албан журмын даатгагчдын холбооноос 10 тэрбум төгрөгийг гарган хийж байна. Эцсийн байдлаар дуусаагүй ч эхний улиралд ашиглалтад оруулах чиглэл өгсөн гэдгийг Түгжрэлийн нэгжийн дарга асан Ч.Батзориг мэдээлж байв. Зөвхөн таг суурилуулах ажил нь нийт 22.3 тэрбум төгрөгийн төсөвтэй. Үүн дотроо тааг суурилуулах, камержуулах, машины хөдөлгөөн удирдлагын зохион байгуулалтын систем нэвтрүүлэх нь тусдаа, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн байрыг барих ажил гээд тус тусдаа багц ажлыг хийх аж.
Замын хөдөлгөөнд оролцож буй нэг сая тээврийн хэрэгсэлд RFID чип буюу техникийн хяналтын цахим гэрчилгээ наахаар болсон. Гэвч зарим мэргэжлийн судлаачид RFID бол маш эртний технологи. Пассив RFID tag /шошго/ нь автомашиныг зайнаас бүртгэх нь маш олон сул талтай. Хэрэглэгчийг тагнах эрсдэлтэйг ч сануулж буй. Цахим системд шилжсэнээр зарим жолооч нар автомашины дугаараа сольж явах, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, улсын дугааргүй машин унах зөрчлийг арилгана гэдгийг албаныхан мэдээлсэн. Долоо хоногийн нэг өдөр дугаарын хязгаарлалттай байдаг 126 мянган машин байдаг. Эдгээр машины ердөө 30 хувь нь хязгаарлалтад орж, 70 хувь нь 20 мянган төгрөгийн торгуулиа төлж, хөдөлгөөнд оролцдог байна.
Мэдээж, энэ нь хотын түгжрэлд хувь “нэмэртэй”.
Улаанбаатарт өдөрт 1.6 сая иргэн машинтай замын хөдөлгөөнд оролцож байна. Ойролцоогоор 450-550 мянган тээврийн хэрэгсэл тогтмол хөдөлгөөнд оролцож байгаа юм.